Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нейроцитин
Худалдааны нэр
Англи
Цитиколин
Үйлдвэрлэгч
Yuria-Pharm LLC
Гарал үүслийн улс
Украйн
Тун хэмжээ
10мг/мл - 100мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн хэрэглээний заавар

НЕЙРОЦИТИН®

 

Найрлага :

Үндсэн үйлчлэгч бодис: 1 мл уусмалд: цитиколинт натри ( цитиколинд тооцсоноор) – 10 мг, натрийн хлорид – 6 мг, калийн хлорид – 0,4 мг, кальцийн хлорид дигидрат – 0,27 мг, натрийн лактат – 3,2 мг. Осмос чанар (онолын хувьд) – 288,3 мОсмоль;

Туслах бодис: тарилгын ус.

 

Эмийн хэлбэр: Дуслаар тарих зориулалтын уусмал .

Физик –химийн үндсэн шинж: өнгөгүй эсвэл бага зэргийн шар туяатай тунгалаг шингэн

Эмийн бүлэг. Судсанд хийхэд зориулагдсан уусмал. Эрдэс ба бусад бодисын холимог.  АТС код В05В В04.

 

Эмийн шинж чанар.

Фармакодинамик.

Нейроцитин® – эрдэс бодис ба цитиколиныг зохист харьцаагаар  хольж найруулсан уусмал.

Цитиколин нь  мэдрэлийн эсийн   үндсэн бүтцийг бүрдүүлэгч  фосфолипидийн нийлэгжилтийг  дэмжиж,  эсийн бүрхүүлийн  үйл ажиллагааг, түүний дотор ион солилцооны  шахуурга ба  мэдрэлийн хүлээн авууруудын  үйл ажиллагааг сайжруулдаг. Цитиколины мэдрэлийн эсийн бүрхүүлийн ажиллагааг дэмжигч үйлдлийн ачаар тархины хаван  буурна.  Хийгдсэн туршилтын үр дүнгээс харахад цитиколин хэд хэдэн төрлийн фосфолипаза ферментийн үйл ажиллагааг дарангуйлж,  чөлөөт радикалын үлдэгдэл үүсэхээс сэргийлэн, эсийн бүрхүүл гэмтэхээс хамгаалан  хэт исэлдэлтийн эсрэг хамгаалах үйлдэл үзүүлнэ.

Цитиколин гэмтсэн  эдийн эзэлхүүнийг багасгаж, апоптозын (эс өөрийгөө үхүүлэх программ) механизмд нөлөөлж эсийн сөнөрөлөөс сэргийлнэ.  Холин идэвхт дамжуулалтыг сайжруулна. Цитиколин мөн тархины  цус харвалтын үед  мэдрэлийн эсийг хамгаалах нөлөөтэй.

Цитиколин тархины  цусан хангамжийн цочмог хямралын дараа тархинд түргэн хугацаанд нөхөн сэргээлт явуулдаг ба тархины гэмтсэн эд эсийг хүчилтөрөгч дутагдах үеийн гэмтлээс хамгаалдаг болох нь рентген шинжилгээгээр нотлогддог.

Гавал тархины гэмтлийн дараах үед цитиколин эргэн сэргэх үеийг түргэсгэж, гэмтлийн дараах үеийн хам шинжийн илрэлүүдийг зөөллөж өгдөг.

Цитиколин тархины цусан хангамж алдагдах үед тархины үйл ажиллагааг хэвийн байлгаж, ой санамжгүйтэх байдлыг багасган, мэдрэхүйн, сэтгэн бодох ба хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдлыг түргэн арилгана. Бэлдмэл нь бас эргэлдэж буй цусны эзэлхүүнийг нөхдөг. Бэлдмэлийн найрлагад ордог лактат нь бодисын солилцооны урвалын явцад бикарбонатын анион болон хувирч, цусны дотоод орчинг  шүлтлэг тал руу бага зэрэг хэлбийлгэнэ. Энэ уусмал бас  цусан доторх хорт бодисын түвшрүүлгийг бууруулж, шээс гадагшлалтыг нэмэгдүүлснээр хордлого тайлах үр нөлөө үзүүлдэг.

Фармакокинетик.

Цитиколиныг ууж хэрэглэх, булчинд ба судсанд тарих зэрэгт ялгаагүй сайн шимэгддэг. Бэлдмэлийг тарьсны дараа цусны сийвэн дэх холины хэмжээ ихээр нэмэгддэг.  Судалгаанаас үзэхэд бэлдмэлийг уулгах болон тариагаар хэрэглэх үеийн биохүрэхүй бараг ижил байдаг байна.  

Бэлдмэл гэдсэнд ба элгэнд хувиралд орж холин ба цитидинийг үүсгэдэг. Цитиколиныг тарьсны дараа тархины эдэд шингэж, үүссэн холинууд нь фосфолипидэд, цитидин нь цитидины нуклеоид ба нуклеины хүчилд нөлөөлнө. Цитиколин тархины эдэд түргэн хүрч эсийн бүрхүүлд идэвхтэй нөлөөлөх  ба эсийн цитоплазм ба митохондрид фосфолипидийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.

Хэрэглэсэн эмийн багахан хувь нь (3% доош) шээс ба өтгөнтэй хамт гадагшилна, ойролцоогоор 12% нь амьсгалаар дамжин гадагшилдаг. Шээсээр ба амьсгалын замаар гадагшлах үйл явц 2 үе шатыг дамжин явагддаг: эхний үе – түргэн гадагшлах (шээстэй хамт – эхний 36 цагт багтан, амьсгалын замаар  – 15 цагийн дотор), хоёрдахь үе – удаан гадагшлах үе. Цитиколины хэрэглэсэн тунгийн ихэнх хэсэг хувиралд орж гадагшлуулагддаг.

Бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд (анион, катионууд) шээстэй хамт гадагшилдаг.

 

ЭМНЭЛ ЗҮЙН ХЭРЭГЛЭЭ

Хэрэглэх заалт .

  • Тархины цусан хангамжийн алдагдлаас үүссэн  эмгэг өөрчлөлтийн цочмог үед болон түүний дараах үлдэц
  • Гавал – тархины гэмтэл ба түүний дараах үлдэц
  • Судасны болон  дегенератив (үхжилээс үүдсэн) гаралтай мэдрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямрал (сэтгэн бодох, мэдрэх мэдэрхүйн, хөдөлгөөний алдагдал)

 

Хориглох заалт.

  • Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй бол;
  • Парасимпатик мэдрэлийн хэт идэвхижилтэй бол;
  • Эргэлдэх цусны эзэлхүүн хэт ихэссэн, цусан дахь натри, кали, хлор ихэссэн бол, цусны орчин хэт шүлтлэг болох эсвэл лактоацидоз байдалд орсон бол;
  • Цусны даралт ихдэлтийн хүнд хэлбэр, зүрхний үйл ажиллагааны дутагдлын ээнэгшлээ алдсан үед;
  • Шээсний гарц багассан эсвэл шээс гарахгүй байгаа үед;
  • Элэгний үйл ажиллагааны дутагдал (лактатаас гидрокарбонат үүсэх үйл явц багассанаас);
  • Бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал;
  • Цусанд кальцийн хэмжээ их бол;
  • Эсийн гаднах усны хэмжээ ихэссэн үед;
  • Уушги ба тархи хавагнасан үед

 

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэх.

Цитиколин леводопа эмийн үйлдлийн хүчийг ихэсгэнэ. Бэлдмэлийг меклофеноксат агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.

Кали хадгалагч шээс хөөх эмүүд, ангиотензин хувиргагч ферментийг (АХФ) дарангуйлагчид, калийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд цусан дахь калийн хэмжээ түргэн нэмэгддэг. Зүрхний гликозидтой хамт хэрэглэвэл, бэлдмэлийн найрлага дахь Са++ ионоос шалтгаалан түүний хоруу чанар нэмэгдэнэ.

Бэлдмэлийг цефамандол, амфотерицин, этилийн спирт, тиопентал, аминокапроны хүчил, метараминол, ампицилин, вибрамицин ба моноциклинтэй хамт хэрэглэвэл үл нийцэлтэй. Стероидын бус үрэвслийн эсрэг эмүүд, андрогенүүд, анабол дааврууд, эстрогенууд, кортикотропин, минералкортикоидууд, судас тэлэгч эмүүд эсвэл гангли хориглогч эмүүдийг  энэ  бэлдмэлтэй хамт хэрэглэхэд  биед натри хуримтлагдах үйл явц ихсэнэ. Цусны орчинг шүлтлэг тал руу нь хазайлгагч  лактаттай холбоотойгоор Нейроцитин® бэлдмэлийг, гадагшлалт нь цусны рН-с шалтгаалдаг эмүүдтэй хамт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тухайлбал салицилатууд, барбитуратууд ба лити зэрэг эмийн бөөрний клиренс буурах ба харин симпатомиметикүүд ба дексамфетамины сульфат, фенфлурамины гидрохлорид зэрэг сэдээгч  эмүүдийн бөөрний клиренс ихсэх магадлалтай.

 

Хэрэглээний  онцлог.

Тархинд цус харвасны дараахан эмийн тунг 100 мл –с хэтрүүлж болохгүй бөгөөд  дуслын хурдыг нэг минутад  30 дуслаас ихгүй байхаар тохируулна.

Цусанд байгаа эрдэс бодисуудын хэмжээ, цусны рН ба рСО2, лактатын  байдлыг байнга хянаж байх шаардлагатай.

Судсаар дуслаар хийх бэлдмэлүүдийн хэмжээ ихэдвэл судсанд эргэлдэх шингэний хэмжээ ихсэж зүрхэнд ирэх ачаалал нэмэгдсэнээс  цус зогсонгишил ба уушгины хаван үүсэх эрсдэлтэй. Цус хэт шингэрэх ( дилюци үүсэх) эрсдэл бол электролит уусмалын түвшрүүлэгтэй урвуу хамааралтай байдаг. Шингэний хэт ихсэлт ба ачаалал, цусны урсгалын зогсонгишил, захын хаван ба уушгины хаван үүсэх зэрэг нь уусмалын түвшрүүлэгтэй шууд пропорционал хамааралтай.

Бэлдмэлийг хэрэглэх үед хэт мэдрэгшлийн урвалын ямар нэг шинж тэмдэг ажиглагдвал дуслыг нэн даруй салгаж, зохих эмчилгээг хийж эхлэх хэрэгтэй.

Бэлдмэлийн найрлагад натрийн лактат агуулагддаг учраас  өвчтөний  цусанд натрийн хэмжээ ихсэх хандлагатай (жишээ нь бөөрний дээд булчирхайн дааврын  дутагдалтай, чихрийн бус шижинтэй, эсвэл их хэмжээний эдийн гэмтэл бүхий) өвчтөнүүдэд, зүрх судасны өвчтэй хүмүүст; натрийг хязгаартай хэрэглэх ёстой өндөр настангуудад, артерийн даралт ихтэй, бөөрний ба зүрх судасны үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст, зүрхний  шалтгаант судасны зогсонгишил үүссэн үед, ялангуяа хагалгааны дараах үед, хүчилтөрөгчийн хангамж муу байгаа өвчтөнд, элэгний үйл ажиллагааны дутагдалтай хүнд, мөн эмнэлзүйн шалтгааны улмаас натри бага хэрэглэх шаардлагатай (хавантай, кортикостероид эсвэл кортикотропин ууж байгаа) хүмүүст энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ёстой.

Бэлдмэлд кали агуулагддаг учраас зүрх муутай, биед кали хуримтлагдах хандлагатай хүмүүст болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Мөн бэлдмэлд кальци агуулагддаг. Цусан дахь кальцийн хэмжээ нь зүрхний эдэд хуримтлагдах кальцийн хэмжээтэй тэр бүр авцалддаггүй учраас өвчтөний зүрхний ажиллагааг зөвхөн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар хянах, ялангуяа дигиталис хэрэглэж байгаа хүмүүсийг онцгой анхаарах хэрэгтэй.

Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа нь буурсан өвчтөнд  энэ уусмалыг хэрэглэхэд биед натри буюу кали хуримтлагдахад хүргэдэг.

Бэлдмэлийн найрлагад кальцийн ион байгаагаас цусны бэлдмэлтэй  хамт хэрэглэхэд цусыг бүлэгнүүлэх  магадлалтай тул болгоомжлох хэрэгэй.

Зүрхний гликозид хэрэглэж байгаа өвчтөнд кальцийг тарихдаа болгоомжлох шаардлагатай.

Лактат нь глюконеогенезийн субстрат тул 2р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд сахарын түвшинг нарийн хянах хэрэгтэй.

 

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ.

Нейроцитин® бэлдмэлийг жирэмсэн эхэд хэрэглэсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Мөн энэ бэлдмэл хөхний сүү рүү дамждаг эсэх, тэр нь хүүхдэд нөлөөлдөг эсэх талаар одоогоор тодорхой мэдээлэл үгүй. Тиймээс энэ бэлдмэлийг зөвхөн жирэмсэн эсвэл хөхүүл эхэд үзүүлж болох ач тус нь ураг эсвэл хүүхдэд үзүүлж  болох эрсдлээс давсан тохиолдолд өөрөөр хэлбэл аргагүй  тохиолдолд л хэрэглэх шаардлагатай.

 

Тээврийн хэрэгсэл ба бусад механизмтай харьцаж ажиллах чавдарт нөлөөлөх эсэх.

Зарим тохиолдолд төв мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх гаж нөлөө нь жолоо барих, нарийн бүтэц, ажиллагаатай машин механизмтай харьцаж ажиллах  зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй.

 

Хэрэглэх арга, тун.

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгчдэд хоногт 50мл -200 мл тунгаар судсанд дуслаар (1 минутад 40–60 дусал) юүлнэ.

Эмчилгээ: эхний 2 долоо хоногт 50–100 мл уусмалыг хоногт 2 удаа судсанд хийнэ. Хоногийн дээд тун – 200 мл.

Маш яаралтай, хойшлуулшгүй тохиолдолд, тунг эхний 24 цагийн хугацаанд эмчилгээний дээд хэмжээнд хүргэх боломжтой.

Бэлдмэлийн тун ба эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа тархины гэмтлийн (цус харвалтын хэмжээ г.м) зэргээс  хамааран эмчлэгч эмч ялгавартай тогтооно. Ахимаг болон өндөр настанд тунг тусгайлан тогтоох шаардлагагүй.

 

Хүүхэд. Энэ бэлдмэлийг хүүхдэд хэрэглэсэн тухай хангалттай мэдээлэл, туршлага одоогоор алга байна.  

 

Тун хэтрэлт.

Бэлдмэлийн тунг хэтрүүлэх эсвэл бэлдмэлийг судсанд хэт түргэн юүлэх үед цусанд ус-эрдсийн тэнцвэр алдагдах, хэт шүлтшил үүсэх, зүрх уушгины үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй. Ийм байдал үүсвэл дуслыг даруй салгаж, шаардлагатай арга хэмжээг авна. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Цусанд их хэмжээний лактат орсноор бодисын солилцооны шүлтжилт үүсгэх ба энэ нь өөрийн ээлжинд цусан дахь калийн хэмжээг бууруулж болзошгүй.

Шинж тэмдэг: сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, ядарч сульдах,амьсгаадах, булчин сулрах, их идэх, шээний гарц ихсэх, сэтгэн бодох үйл ажиллагаа самуурах, зүрхний хэм алдагдах. Булчингийн тонус ихсэх, чичирч салгалах ба цусанд кальцийн хэмжээ багатай эмчлүүлэгчид  тетаник хэлбэрийн таталт үүсч болзошгүй.

 

Гаж нөлөө.

Сэтгэцийн өөрчлөлт: хий юм харах, сонсох - галлюцинаци.

Мэдрэлийн тогтолцооны талаас: толгой хүчтэй өвдөх, толгой эргэх.

Зүрх судасны тогтолцооны талаас: артерийн даралт ихдэх, артерийн даралт буурах, зүрхний хэм түргэсэх.

Амьсгалын тогтолцооны талаас: амьсгалах үйл явц хямрах - диспноэ.

Хоол боловруулах эрхтэний талаас: огих, бөөлжих, суулгах.

Электролитийн өөрчлөлт: цусан дахь эрдэс бодисын (кали, кальци, натри, хлор) хэмжээ хэвийн үзүүлэлтээс хазайх, бодисын солилцооны шүлтшил, хлоридын хүчилшил.

Ерөнхий өөрчлөлт: биед байх шингэний хэмжээ хэт ихсэх .

Дархлааны тогтолцооны талаас: чичирч салгалах, хавагнах, харшлын урвалууд (төрөл бүрийн тууралт, загатнаа, судас мэдрэлийн хаван, анафилаксийн шок); өндөр халуурах, ихээр хөлрөх, ханиаж найтаах, амьсгалахад хүндрэлтэй болох, хэсэг газрын эсвэл их талбайг хамарсан чонон хөрвөс үүсэх.

Тарилга хийсэн газрын өөрчлөлт: хавдах, үрэвсэх, туурах, загатнах, арьсанд улайлт, эритем үүсэх, өвдөх, хорсох, ирвэгнэх, бадайрах

Сэтгэцийн өөрчлөлт: сандарч тэвдэх, цочролд орох .

Хэрэв гаж нөлөөний ямар нэгэн шинж ажиглагдвал дуслыг нэн даруй салгаж, өвчтөний биеийн байдлыг үнэлэн зохих эмчилгээг хийх хэрэгтэй.


Хадгалах хугацаа. 2 жил.

 

Хадгалах нөхцөл.

Бэлдмэлийг өөрийн нь саванд 30 °С-с дээшгүй орчинд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал.

 

Үл нийцэл

Бэлдмэлийг бусад эмүүдтэй, түүний дотор  фосфат- ба карбонат  агуулсан бэлдмэлтэй нэг саванд хольж хийж болохгүй.

Савлалт.

Лонхонд 50 мл, 100 мл, 200 мл-р тунлан савласан.

 

Эмийн сангаас олгох нөхцөл. Жороор олгоно.

 

Үйлдвэрлэгч. ООО «Юрия-Фарм»

 

Үйлдвэрлэгчийн хаяг, байрлал.

Украин улс 18030,  Черкасс  хот Вербовецкийн гудамж 108. Тел./факс (044) 281-01-01.