Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Карведа
Худалдааны нэр
Англи
Карведилол
Үйлдвэрлэгч
Ferozsons Laboratories Limited
Гарал үүслийн улс
Пакистан
Тун хэмжээ
6.25мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

КАРВЕДА

Шахмал 3.125мг, 6.25мг, 12.5мг, 25мг

 

НАЙРЛАГА

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрд:

Карведилол USP. 3.125мг

Карведилол USP. 6.25мг

Карведилол USP. 12.5мг

Карведилол USP. 25мг

ЭМИЙН ТОДОРХОЙЛОЛТ

КАРВЕДА (Карведилол) бол α1-рецепторыг давхар хориглох идэвх бүхий сонгомол бус ß-адренэрг хориглогч юм. Химийн нэршил:

(±)-l-(Карбазол-4-илокси)-3-[[2-(o-метоксифенокси)этил]амино]-2~пропан. КАРВЕДА шахмалд Карведилол агуулагдана. Карведилол нь цагаан цайвар өнгийн нунтаг бөгөөд молекул жин нь 406.5, молекул бүтэц нь G4HMN2O4.

ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛ

Фармакодинамик:

Эмийн эмчилгээний бүлэг: альфа ба бета рецепторыг хориглогч.

ATХ код: C07AG02     

КАРВЕДА (Карведилол) нь бета ба альфа1 рецепторыг сонгомол бусаар хориглон судас өргөсгөх ба альфа1-рецепторыг сонгомол бусаар хориглосноор ренин-ангиотензины тогтолцоог дарангуйлан захын судасны эсэргүүцлийг бууруулна. Сийвэн дэх рениний идэвх буурна.

Карведилол нь пропранололтой адил симпатомиметик идэвхгүй бөгөөд, түүнтэй адил мембран тогтворжуулах шинж чанартай. КАРВЕДА (Карведилол) нь хоёр стереоизомерийн холимог. Амьтан дээрх загварын альфа-адренорецепторт энантомерүүд хоёулаа олдсон.  Бета-1 ба бета-2 адренорецепторыг сонгомол бусаар хориглох үйлдэл нь ихэвчлэн S(-) энaнтомертой холбоотой байдаг.  КАРВЕДА (Карведилол) болон түүний метаболитууд антиоксидант шинж чанартай болох нь амьтан дээр In vitro, In vivo орчинд; хүн дээр In vitro орчинд хийгдсэн туршилтуудаар тодорхой харагдсан. Цусны даралтыг бууруулах бета-хориглогч бусад эмүүдтэй харьцуулахад, артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөний захын судасны эсэргүүцэлд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Зүрхний цохилт бага зэрэг цөөрнө. Эргэлдэх цусны эзлэхүүн өөрчлөгдөхгүй. Захын цусны урсгал, бөөрний цусны эргэлт, үйл ажиллагаа хэвийн байх тул бета-хориглогч бусад эмүүдийг хэрэглэсэн үеийнх шиг гар, хөл даарч хөрөхгүй. Цусны даралт ихдэлттэй өвчтөнд хэрэглэнэ.  КАРВЕДА (Карведилол) нь сийвэн дэх норадреналины концентрацыг ихэсгэдэг.

Зүрхний ишемитэй өвчтөнд удаан хэрэглэвэл КАРВЕДА (Карведилол) нь ишемийн эсрэг болон өвдөлт намдаах нөлөө үзүүлнэ. Гемодинамикийн судалгаагаар: КАРВЕДА (Карведилол) нь ховдлын өмнөх ба дараах ачааллыг бууруулдаг нь тогтоогдсон. Мөн зүрхний эмгэгтэй, зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний цусны эргэлтийн гемодинамикт эерэгээр нөлөөлж, зүүн ховдлын хана цуурах тохиолдолд цууралтын хэмжээ ба алдах цусны хэмжээг аль болох бага байхад тусалдаг.  

КАРВЕДА (Карведилол) нь сийвэн дэх липид ба ус-эрдсийн хэвийн үзүүлэлтэд сөрөг нөлөөлөхгүй. ИНЛП (их нягтралт липопротейд) ба БНЛП (бага нягтралт липопротеид) -ийн хэвийн хэмжээг өөрчлөхгүй.

Фармакокинетик

Үйлдэл (даралт ихдэлтийн эсрэг нөлөө) эхлэх хугацаа: Альфа рецепторыг  хориглох: 30 минут. Бета рецепторыг хориглох: 1 цаг. Даралт бууруулах идэвхи дээд хэмжээндээ хүрэх:  ~1 - 2 цаг.

Шимэгдэлт: уусны дараа түргэн бөгөөд сайн шимэгдэнэ. Сийвэн дэх  S(-) энантиомерийн концентрац нь R(+) энантиомерээс 2-3 дахин их байдгаас элгэн дэх эхний дамжилтын үр дүн түргэн илэрдэг. Шимэгдэлтэнд хоол ундны хэрэглээ нөлөөлдөг.  

Тархалт: Vd: 115л; судасны гадуурх эдэд их тархана.

Уурагтай холбогдолт: >98%, голдуу альбуминтай холбогдоно.

Хувиралд орох: Ихэнх нь (98%) элгэнд CYP2C9, 2D6, 3A4, 2C19, 1A2, 2E1 ферментүүдийн оролцоотой хувирч  идэвхтэй 3 метаболит үүсгэдэг (2% нь хувиралд орохгүй). Хувирлын дүнд үүсдэг идэвхтэй (4-гидроксифенил) метаболит нь бусад  бета-хориглогчдоос 13 дахин хүчтэй боловч Карведилолын зөвхөн 101 хувийг эзэлдэг; элгэн дэх эхний дамжилтын үр дүн 50% ба; өндөр настан болон элэгний хатууралтай өвчтөнд энэ үзүүлэлт 4-7 дахин өндөр. Хүн бүрийн генетикийн онцлогоос хамаараад хувирал нь өөр байдаг; тухайлбал зарим хүнд R(+) энантиомер нь CYP2D6 -ийн оролцоотойгоор S(-) энантиомер руу бага зэрэг шилждэг ч R (+) энантиомер нь 20%-25%-иар илүү концентрацтай байдаг.

Биохүрэхүй: ~25% - 35% (хувирлын эхний шатанд чухал ач холбогдолтой); тослог ихтэй хоол хүнс хэрэглэвэл AUC ихсэнэ, Cmax~2Q%. Элэгний хатууралтай өвчтөнд хагас задралын хугацаа ихэснэ.

Хагас задралын хугацаа нь: 6 долоо хоногтойгоос 3.5 насны нярай хүүхдэд (n=8): 2.2 цаг; 5.5 - 19 хүртэл насны  хүүхэд, өсвөр үеийнхэнд (n=7): 3.6 цаг; залуу хүмүүст 7 - 10 цаг (зарим судлаачдын мэдээлснээр 24 - 37 настай (n=9) хүнд: 5.2 цаг). Карведилолын R(+) энантиомерийн хагас задралын хугацаа: 5-9 цаг; S(-) энантиомерийнх: 7-11 цаг. Карведилолын сийвэн дэх хамгийн өндөр тундаа хүрэх хугацаа (аажмаар чөлөөлөгдөх тул): ~5 цаг.

Гадагшлалт:голдуу өтгөнтэй; хувираагүй хэсэг нь (<2%) шээстэй хамт гадагшилдаг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Артерийн даралт ихсэх (Гипертензи): КАРВЕДА бэлдмэлийг дангаар нь эсвэл  бусад даралт бууруулах эмтэй, ялангуяа шээс хөөх эмтэй хослуулан хэрэглэдэг.
  • Зүрхний өвчин: зүрхний булчингийн эмгэг эсвэл зүрхний дунд ба хүнд хэлбэрийн архаг ишеми-д: шээс хөөх эм, АХФ саатуулагч зэрэг стандарт эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.
  • Зүрхний шигдээсийн дараах зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдалд: Шигдээсийн дараа зүрхний үйл ажиллагаа бага зэрэг тогтворжих (зүүн ховдлын 1 агшилтаар шахах цусны хэмжээ 40%) үед хэрэглэж эхэлнэ.
  • Архаг явцтай, тогтвортой ишемийн үед: урт хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА

Зүрхний архаг, тогтвортой ишеми: Хооллох үедээ хэрэглэснээр, огцом босох үед даралт буурах (ортостатик гипотензи) эрсдлийг багасгана. Бэлдмэлийг хангалттай хэмжээний шингэнээр даруулан ууна.

Цусны даралт ихдэлтийн үед:

6.25 мг тунгаар хоёр удаа; үр дүн тааруу бол тунг 1-2 долоо хоногийн дараа 12.5мг хүртэл нэмэгдүүлэн өдөрт хоёр удаа уулгана. Шаардлагатай бол 1-2 долоо хоногийн дараа тунг 25 мг х 2 хүртэл нэмэгдүүлж болно.Тунгийн хүрээ: 6.25 - 25 мг (өдөрт хоёр удаа).

Зүрхний ишемитэй өвчтөнд:

Залуу хүмүүст:

Эхний 2 өдөрт 12.5мг тунгаар хоёр удаа; дараагийн өдрөөс 25мг х 2 удаа. Шаардлагатай тохиолдолд 50мг х 2 хүртэл нэмэгдүүлнэ.Тунг ихэсгэхдээ 14-с  доошгүй  хоногийн турш аажмаар нэмэх хэрэгтэй.

Өндөр настанд:

Өндөр настанд хоногт хэрэглэж болох хамгийн дээд тун нь 50 мг. Түүнийг 2 хувааж хэрэглэнэ.

Зүрхний дутагдалтай өвчтөнд:

Санамж: Цусны эргэлтийн байдал нь тогтвортой эсвэл эмнэлэгт байгаа өвчтөнд шээс хөөх, судас өргөсгөх, зүрхний ажиллагааг дэмжих (инотроп) бэлдмэлүүдийн хэрэглээг зогсоож болно. Гэхдээ инотроп эм шаардлагатай өвчтөнд эмнэлэгт байсан ч болгоомжтой хандаарай. Зүрхний ажиллагааг тасралтгүй хянахын хамт энэ эмийн тунг аажмаар өгсгөх нь эмчилгээний зорилтыг биелүүлэхэд тустай.

Эмчилгээг өдөрт 3.125 мг-р хоёр удаа 14 хоног; үр дүнгүй бол 6.25 мг-р өдөрт хоёр удаа хийнэ. Тунг 14 хоног тутамд 2 дахин нэмэгдүүлсээр зөвшөөрөгдөх дээд тунд хүргэнэ. (Энэ эмчилгээг эхлэхээс өмнө зүрхний дутагдалд хэрэглэдэг бусад эмүүдийн тунг аль болох бууруулж, шингэний хэрэглээг багасга).

Хэрэв КАРВЕДА (Карведилол) эмийн хэрэглээг 2 долоо хоногоос илүү хугацаанд завсарласан бол дахин 3.125 мг-аар өдөрт хоёр удаа  уулгаж эхлүүлээд, дээрх  зөвлөмжийн дагуу аажмаар нэмэгдүүлнэ.

Өндөр тунгаар хэрэглэх:

Зүрхний хөнгөнөөс дунд хэлбэрийн эмгэгтэй бол: 85 кг -с бага жинтэй хүмүүст 25 мг х 2 удаа; 85 кг-с дээш жинтэй хүнд: 50 мг х 2 удаа хэрэглэнэ. Зүрхний хүнд эмгэгтэй бол тунг 25 мг х 2 удаагаас хэтрүүлж болохгүй.

Зүрхний шигдээсийн дараах зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал:  

Санамж: өвчтөний гемодинамик тогтворжиж шингэний алдалт багассаны дараа өдөрт 3.125-6.25мг х 2 удаа ууна. Өвчтөний хэрэгцээ шаардлагад тулгуурлан тунг өдөрт 12.5 мг-аас 25 мг хүртэл ихэсгэж  болох ба 3-10 хоногийн турш өдөрт 2 удаа хэрэглүүлнэ.

Тэмдэглэл: 2013 оны ACCF/AHA зүрхний эмгэгийн удирдамжид дээд тунг өдөрт 50мг хүргэж болно гэж заасан.

Зүрхний архаг явцтай, тогтвортой ишеми:

Өдөрт хоёр удаа хэрэглэнэ. Эхний хоёр өдөр 12.5 мг тунгаар, цаашид 25 мг тунгаар уулгана. Шаардлагатай бол тунг ихэсгэн хоёр долоо хоног хэрэглэнэ. Ховор тохиолдолд тунг 100 мг хүртэл ихэсгэн (өдөрт хоёр хуваан) хэрэглэсэн.

Өндөр настан

Эхний тун: 12,5 мг-аар өдөрт хоёр удаа нийт 2 өдөр. Цаашид эмчилгээг хамгийн ихдээ өдөрт 25 мг тунгаар хоёр удаа хэрэглэхийг зөвлөнө.

Онцгой бүлэг эмчлүүлэгчид

Өндөр настан: Насанд хүрэгчдийн тунг харна уу. Даралт ихдэлтийн менежментэд бага тунгаар эхлэн тунг аажмаар нэмэгдүүлнэ. Бусад бета-хориглогч эмтэй адил, ялангуяа титэм судасны эмгэгтэй өвчтөнүүдэд Карведилолын тунг аажмаар бууруулж эмчилгээг зогсоох ёстой.

Хүүхэд, өсвөр насныханд (< 18 нас): Карведилол (КАРВЕДА) -ын үр дүн, аюулгүй байдлын талаар хангалттай мэдээлэлгүй тул 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Бөөрний эмгэг: бөөрний эмгэгтэй хүнд тунг тусгайлан тохируулах шаардлагагүй; Гемодиализаар мэдэгдэхүйц цэвэрлэгддэггүй.

Элэгний эмгэг: Хөнгөн, дунд шатны эмгэгүүдэд: тунд тохируулга хийх талаар үйлдвэрлэгчийн зүгээс ямар нэг зөвлөмж өгөөгүй.

Жирэмсэн эх; жирэмсний категори C

Амьтны нөхөн үржихүйн судалгаанд сөрөг үр дагавар ажиглагдсан. Ургийн / нярайн брадикарди, гипогликеми, бага жинтэй төрөх зэрэг нь бета-блокатортой холбоотой. Ерөнхийдөө  нярайг  төрөх явцад хангалттай хяналт тавихыг зөвлөдөг.

Эхийн эмчлэгдээгүй архаг даралт ихдэлт болон бусад эмгэгүүд нь ургийн гажиг үүсгэх эрсдэлд хүргэх тул жирэмсэн эхийн даралт ихдэлт ба зүрхний эмгэгүүдийг Карведилолоос өөр ямар нэг бета-хориглогч эмээр эмчлэх шаардлагатай.

Хөхүүл эх: Карведилол (Карведа) хүний хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй. Гэвч хөхүүл нярайд  брадикарди гэх мэт ноцтой гаж нөлөө үүсэх магадлалтай тул нярайг хөхөөр хооллохоо болих эсвэл эмийн хэрэглээг зогсоох талаар зөвлөлдөх хэрэгтэй. Гэхдээ эхэд өгөх эмчилгээний ач холбогдлыг анхаар. Кардиомиопати эмгэгтэй холбоотой зүрхний дутагдалтай эхчүүдэд эмчилгээг зогсоож хөхөөр хооллохыг зөвлөж болохгүй.

Тун хэтрэлт

Тун хэтэрсний улмаас даралт хэт буурах, брадикарди, зүрхний дутагдал, зүрхний гаралтай шок, зүрх зогсох шинж үүснэ. Амьсгалын эрхтний зүгээс бронхын агчил, бөөлжих, сандарч тэвдэх, муурч унах зэрэг тохиолдож болно. Өвчтөнийг хэвтээ байрлуулж, шаардлагатай бол эрчимт эмчилгээний тасагт ажиглалт хийн эмчилнэ. Ходоод угаах болон бөөлжүүлэх арга хэмжээ авна.

Дараах эмүүдийн хэрэглэж болно:

  • Брадикарди үед: зүрхний ажиллагааг дэмжихийн тулд 2 мг атропин судсанд; глюкагоныг 5-10 мг-р судсанд 30 секундэд тариад үргэлжлүүлэн 5 мг/цаг тунгаар дусаах ба симпатомиметикүүд (добутамин, изопреналин, адреналин) тарина. Тунг биеийн жинд тооцно. Хэрэв захын судасны өргөсөлт давамгайлбал: цусны эргэлтийг хянангаа адреналин, норадреналин хийнэ. Брадикардийн эсрэг эмчилгээ үр дүнгүй бол зүрхний цохилтыг дэмжих эмчилгээ хийнэ.
  • Бронхын агчлын үед симпатомиметик эм (амьсгалаар эсвэл судсанд) хэрэглэх буюу аминофиллиныг судсанд тарина.
  • Хэрэв таталт өгвөл диазепам/ доназепамыг судсанд аажим тарина.

Санамж: Хордлогын шокийн шинж илэрвэл Карведилолын хагас гадагшлалтын хугацаа 7–10 цаг байдгийг болохыг тооцон дэмжих эмчилгээг үргэлжлүүлнэ. Карведилол (КАРВЕДА)-ын тун хэтрэлт дангаар нь болон өөр эмтэй хамт  хэрэглэх үед үүсч байсан. Цусанд ууссан тун нь 1,000 мг-с давсан тохиолдол ч байдаг. Шинж тэмдэг нь цусны даралт, зүрхний цохилт хэт буурснаар илэрсэн. Дэмжлэг үзүүлэх стандарт эмчилгээний дүнд өвчтөн сэргэсэн.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Карваделол болон КАРВЕДА-гийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол
  • Зүрхний (NYHA ангиллын IV-т  хамаарах) дутагдал, шингэний дутагдал, зүрхний ажиллагаа инотроп эмчилгээ шаардагдах хүртэл муудсан үед;
  • Бронхын бөглөрөлт, уушгины архаг бөглөрөлтөт өвчин;
  • Элэгний үйл ажиллагааны илэрхий дутагдал;
  • Бронхын багтраа;
  • АВ хоригийн II ба III зэрэг (байнгын хэм үүсгэгч тавиулсан);
  • Хүнд хэлбэрийн (нэг минутад<50) брадикарди (пейсмейкер шаардлагатай);
  • Синусын зангилааны хам шинж (ховдол тосгуурын хориг);
  • Зүрхний гаралтай шок;
  • Цусны даралт хүчтэй буурсан (систолын даралт 85 ммуб-с бага) үед;
  • Принцметал хэлбэрийн стенокарди;
  • Эмчлэгдээгүй феохромацитомa;
  • Бодисын солилцооны алдагдал- ацидоз (хэт хүчилших);
  • Захын тараагуур судасны хүнд хэлбэрийн эмгэг;
  • Верапамил, дилтиазем эмүүдийг судсанд тарих хосолсон хэрэглээний үед;
  • Альфа/бета адренэргийг хориглогч өөр эмүүдтэй зэрэг хэрэглэхэд гаж нөлөө үүссэн нотолгоо бага ч эдгээр эмүүдийн бүтэц ба үйлдэл төстэй учраас зөрмөл урвал үүсгэх боломжтой тул хэрэглэхийг хориглодог.

АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Гаж нөлөөтэй холбоотой үүсч болзошгүй асуудлууд

Анафилаксийн урвал; урьд нь хүнд хэлбэрийн анафилаксийн урвал үүсч байсан түүхтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэ; бета-хориглогч хэрэглэж байх үед дээрх урвал үүсч байсан бол давтан хэрэглэх үед илүү мэдрэг болдог. Бета-хориглогчдын анафилаксийн эмчилгээнд эпинефрин хэрэглэвэл гаж нөлөө үүсгэж болно.

Брадикарди: Хэрэв зүрхний цохилтын тоо минутанд 55-аас цөөрвөл тунг бууруул.

Уян дискний хам шинж: альфа-хориглогч эмээр эмчилгээ хийлгэж буй өвчтөнд уян дискний хам шинж ажиглагддаг; мэс заслын өмнө энэ эмчилгээг зогсоосон ч үр дүнгүй байдаг. Тиймээс нүдний эмч нар мэс засал хийхийн өмнө өвчтөнөөс Карведилол хэрэглэж байгаа эсэхийг асууж байх хэрэгтэй.  

Цусны даралт хүчтэй буурах (гипотензи) / муурч унах: Карведилол хэрэглэх үед (голдуу эхний 30 минутын дараа) даралт хэт багассанаас муурч унаж болзошгүй. Эмчилгээний явцад, ялангуяа тунг нэмэх үед эмчлүүлэгчийг сайтар хянах ба даралт нь тохиромжтой хэмжээгээр буурч байх ёстой. Тунг бага багаар, аажим титрлэж, хооллолттой тохируулан хэрэглэснээр дээрх эрсдлийг багасгана. Эмчилгээний үед жолоо барих, бусад эрсдэлтэй хөдөлмөр хийхээс зайлсхийхийг өвчтөндөө зөвлө.

Суурь өвчинтэй холбоотой учирч болох хүндрэлүүд

Бронхэктази: Ер нь бета–хориглогч эмийг бронх тэлэх өвчтэй хүнд хэрэглэдэггүй. Шаардлагатай гэж үзвэл сайтар хяналтын дор хэрэглэ.

Чихрийн шижин: ЧШ өвчтөнд болгоомжтой хэрэглэ. Гипогликеми үүсгэдэг ба ийм үед илэрдэг шинж тэмдгүүдийг (хөлрөх, тайван бус болох, тахикарди) бүдгэрүүлдэг. Карведилол (КАРВЕДА) хэрэглэсэн зүрхний эмгэг болон чихрийн шижинтэй хүний өвчин хүндэрч болзошгүй учраас ЧШ эмийг хамт хэрэглэх ёстой.

Зүрхний эмгэг: Зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн бөөрний үйл ажиллагаа муудаж болно (ховор); эрсдэлт хүчин зүйлд зүрхний ишеми, судасны эмгэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал, систолын даралт 100 ммуб-аас доош орох зэрэг багтана. Өвчтөний байдлыг доройтуулахгүйн тулд зүрхний эмгэг шинжүүдийг анхааралтай хянах хэрэгтэй Хэрэв титрлэх явцад зүрхний зогсонгишил эсвэл шингэний тэнцвэрт байдлын алдагдал үүсвэл тунг бууруулах буюу түр зуур зогсоох шаардлага гарч болно. Шаардлагатай бусад эмийн (АХФ саатуулагчид, шээс хөөх) эмчилгээг хийнэ.

Элэгний эмгэг: Элэгний хөнгөн, дунд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх ба элэгний хүнд эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.

Myasthenia gravis: буюу булчин сулрах эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Захын судасны эмгэг: ийм эмгэгтэй өвчтөнд артерийн судасны дутагдал, улмаар бөглөрөл үүсч болзошгүй; тиймээс гарч буй шинж тэмдэгийг хянаж, болгоомжтой хэрэглэнэ.

Феохромоцитома: давхар альфа–хориглогч үйлдэлтэй энэ эмийг хэрэглэж эхлэхийн өмнө, дан бета– хориглогч эмийг болгоомжтой хэрэглэнэ.

Хайрст үлд: Бета-хориглогч эмийн хэрэглээ нь зарим хүний хайрст үлдийг сэдрээж хүндрүүлдэг ч шалтгаан, үр нөлөө нь бүрэн батлагдаагүй.

Бамбайн эмгэгүүд: Бамбайн хордлогын (гипертироидизм) үед илрэх шинж тэмдгийг (тахикарди) бүдэгрүүлнэ. Бамбайн хордлогын цочмог үед шинж тэмдэг бүдгэрснээр эмгэгийг хүндрүүлж болзошгүй тул эмчилгээг маш хянуур удирд.

Зүрхний үйл ажиллагааны зогсонгишилт дутагдал: Ийм өвчтөнд тун хэтрүүлвэл зүрхний дутагдал гүнзгийрэх ба биед хуримтлагдах шингэний хэмжээ ихсэнэ. Энэ үед шээс хөөх эмийн тунг нэмэх ба карведилолын тунг нэмэхийг түр азнана. Заримдаа Карведилолын тунг бууруулах, ховор тохиолдолд хэрэглээг түр зогсоох шаардлага ч гарч магадгүй. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа энэ эмийг амжилттай дахин хэрэглэх боломж бий. Карведилол ба зүрхний гликозид хоёулаа зүрхний тосгуур-ховдлын хоорондох (AV) сэрэл дамжуулалтыг удаашруулдаг  эмүүд тул хамт хэрэглэх бол маш болгоомжтой байх хэрэгтэй.  

Зүрхний шигдээсийн дараах зүүн ховдлын дутагдалтай хүн:  карведилолыг хэрэглэж эхлэхээс өмнө өвчтөний эмнэлзүйн байдал тогтворжсон, хамгийн багадаа 48 цагийн өмнөөс АХФ хориглогч эмийг хэрэглэж эхэлсэн байх ба, түүний тунг 24 цагийн өмнөөс хангалттай дээд хэмжээнд хүргэсэн байх ёстой.

Контакт линз: хэрэв нүдэндээ линз зүүдэг бол энэ эмийг хэрэглэхээс өмнө авах хэрэгтэй. Тэгвэл нулимс ихээр гоожихоос сэргийлнэ.

Захын судасны эмгэг (Рейно хам шинж): Ийм өвчтөнд бетта-адрено хориглогч хэрэглэвэл артерийн судасны дутагдал гүнзгийрэх эрсдэлтэй тул карведилолыг болгоомжтой хэрэглэх ёстой.

Арьсны хүнд хэлбэрийн урвал (сорвижилт):  маш ховор тохиолдолд карведилол эмчилгээний үед арьсны хүнд урвал болох арьсны өнгөн давхаргын хордлогот үхжил (TEN) ба Стивенс Жонсоны хам шинж (SJS) илэрч мэдээлэгдсэн. Тиймээс энэ эмийг хэрэглэж байх үед (энэ эмтэй холбоогүй байж болох ч) арьсны хүнд урвалын шинж илэрвэл хэрэглээг даруй зогсоох ба дахин хэрэглэж болохгүй.

Зүрхний ишемийн Принцметалл хэлбэр: Сонгомол бус бетта - адрено хориглогч эм хэрэглэх үед өвчтөний зүрхний өвдөлт ихэсдэг. Харин альфа - адрено хориглох  давхар үйлдэлтэй эм ийм байдал үүсгэхгүй байж болох юм. Гэсэн хэдий ч ийм өвчтэй хүмүүст карведилол хэрэглэсэн туршлага байхгүй учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Эмээ “үгүйлэх” хам шинж

Хэдийгээр ишеми өвчтэй хүмүүст хэрэглэсний дараа “үгүйлэх” хам шинж илэрсэн тухай мэдээлэгдээгүй ч бетта - адрено хориглогч үйлдэлтэй энэ эмийн хэрэглээг аажим (тунг 14 хоног тутамд бага багаар) бууруулж зогсоох хэрэгтэй. Ялангуяа зүрхний ишемитэй хүмүүст анхаар.

Карведилол бэлдмэлийн найрлагад лактоза агуулагддаг: Тиймээс удамшлын ховор эмгэг болох галактоз тохирдоггүй, лактозын бүрэн дутагдалтай, глюкоз-галактозыг шингээх чадваргүй хүмүүст энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.  

Бусад эмтэй хамт хэрэглэх

Олон эмийг зэрэг хэрэглэх үед харилцан нөлөөллийн улмаас тун ба хэрэглэх цагийг тохируулах, илүү их хянах эсвэл өөр сонголт хийх хэрэг гардаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн мэдээллийн сангаас авна уу.

Онцгой анхаарвал зохих иргэд

Өндөр настан: 65-аас дээш настанд зүрхний хэм удаашрах шинж илүү их ажиглагддаг тул тунг тохируулах хэрэгтэй.

Бусад анхааруулга сэрэмжлүүлэг:

Эмчилгээг гэнэт зогсоох: бета- хориглогч эмийн хэрэглээг гэнэт зогсоосноор (ялангуяа титэм судасны эмгэгтэй өвчтөнд) цочмог тахикарди, гипертензи, ишеми үүсч болно. Мөн хүнд хэлбэрийн даамжирсан зүрхний (ялангуяа ховдлын) хэм алдалт, зүрхний шигдээс үүссэн гэж тэмдэглэгдсэн. Иймд титэм судасны эмгэгтэй, хэм алдалттай өвчтөнд бета- хориглогчийн эмчилгээг гэнэт зогсоож болохгүй.

Том хэмжээний мэс засал: хийлгэх үед удаан хугацаанд хэрэглэсэн бета–хориглогчийн хэрэглээг зогсоохгүй байх ёстой.

Хувиралд орох: Энэ эм нь CYP1A2,  CYP2C9, CYP2D6, CYP2E1, CYP3A4 хувиргагчдын тусламжтай, бага хэмжээгээр хувиралд ордог ба P-гликопротейны  субстрат юм.

Санамж: P-гликопротейны субстрат учраас,  түүнтэй нэг адил P-гликопротейны үндсэн ба хоёрдогч субстратуудтай эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан нөлөөлөлд орох боломжтой бөгөөд P-гликопротейныг саатуулна.

ГАЖ НӨЛӨӨ

Санамж: Цусны даралт ихсэх ба зүрхний үйл ажиллагааны дутагдалт эмгэг элбэг тохиолдог. Зүрхний дутагдалтай өвчтөнд сөрөг хариу урвалын давтамж их байдаг. Гэсэн хэдий ч хүн амын дунд плацебо -той холбоотой гаж нөлөөний давтамж их ажиглагддаг.

>10%:

Зүрх судасны тогтолцоонд: даралт ихээр буурах (гипотензи) -  (9% - 20%)

ТМТ талаас: толгой эргэх (2% - 32%), ядрах (4% - 24%)

Дотоод шүүрэл/бодисын солилцоонд: саахар ихсэх (гипергликеми) - (5% - 12%)

Ходоод гэдэсний талаас: суулгалт (1% - 12%), жин нэмэх (10% - 12%)

Мэдрэл булчин & араг ясны талаас: булчин сулрах (7% - 11%)

1% - 10%:

Зүрх судасны тогтолцоонд: Брадикарди (2% - 10%), муурч унах (3% - 8%), захын хаван (1% - 7%), бүтэн биеийн хаван (5% - 6%), зүрхний хэм алдалт (1% - 6%), хэм алдалттай хавсран хавагнах (4%), АВ хориг, тархины судасны гэмтэл, гипертензи, биеийн шингэний тэнцвэрт байдал алдагдах (гипер/гиповолеми), гэнэт босох үед нүд харанхуйлах (ортостатик гипотензи), зүрх дэлсэх.

ТМТ: толгой өвдөх (5%-8%), сэтгэл гутралд орох, халуурах, захын мэдрэхүй сулрах (гипостези), гипотони, нойргүйдэх, нойрмоглох, толгой эргэх.

Дотоод шүүрэл ба бодисын солилцоо: цусанд холестерин (1% - 4%), триглицерид (1%) ихсэх, чихрийн шижин, тулай үүсэх. Цусанд кали, үлдэгдэл азот ихсэж, саахар ба натрийн хэмжээ буурах.

Ходоод гэдэсний талаас: дотор муухайрах (2%-9%), бөөлжих (1% - 6%), хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, шүдний зөөлөн эд үрэвсэх, биеийн жин буурах, гүйлгэх эсвэл өтгөн хатах, ам хуурайших.

Шээс бэлгийн замд: хөвчрөл буурах

Цусны тогтолцоонд: цус багадалт, протромбины хэмжээ буурах, ялтаст эсийн хэмжээ багасах, түүнтэй холбоотой тууралт.

Элэгний талаас: шүлтлэг фосфат (1%-3%), гаммаглутаматтрансфераза (ГГТ) болон бусад трансаминазууд ихсэх.

Мэдрэл- булчин, араг ясны талаас: нуруу өвдөх (2% -7%), үе мөч өвдөх, үений  үрэвсэл (1%- 6%), булчин зангирах, өнгөц мэдрэхүй өөрчлөгдөх.

Нүдний талаас: хараа бүрэлзэх (1% - 5%)

Бөөрний талаас: мочевин (6%), уургийн бус үлдэгдэл азот (6%), креатинины хэмжээ ихсэх; шээсээр албумин, глюкоз, улаан эс гадагшлах ба бөөрний дутагдал үүсэх.

Амьсгалын эрхтний талаас: ханиалгах (5% - 8%), хамар залгиурын үрэвсэл (4%), амьсгаадах (>3%), уушгины хаван (>3%), хамрын салстын үрэвсэл (2%), хамар битүүрэх (1%), хамрын дайвар хөндийн үрэвсэл (1%).

Бусад: (3%-6%), харшил, томуу төст хам шинж, гэнэт нас барах, өвдөх, хавагнах, АЛаТ, АСТ ба ГГТ -ийн түвшин нэмэгдэх, уушгины хатгаа, бронхит, амьсгалын дээд замын үрэвсэл, бөөр-шээсний замын халдвар, шээсний гаралт саатах, эмэгтэйчүүдэд шээс “задгайрах”, үе мөчөөр өвдөх, арьсны урвалууд (харшлын тууралтууд, арьсны үрэвсэл, чонон хөрвөс, загатнаа, хайрст үлд ба хавтгай улаан үлд хэлбэрийн эмгэгшил), үс халцарч унах, гэнэт босох үед нүд харанхуйлах, захын цусны эргэлтийн хямрал (хөл гар хөрөх, захын судасны эмгэг: Рейно хам шинж,  алхах үед хөл өвдөх)

<1% (амь насанд аюул учруулахуйц хүнд ба ноцтой): анафилаксийн урвал, үс халцрах, судасны хаван, цус төлжилтгүйдлийн цус багадалт, солиорол, багтраа, гуурсан хоолойн тэлэгдэл, бөглөрөл, цөс зогсонгишлийн шарлалт, анхаарал төвлөрөл буурах, ихээр хөлрөх, арьсны олон хэлбэрт улайлт, эксфолиатив дерматит, ходоод гэдэснээс цус алдах, ИНЛП түвшин буурч БНЛП ихсэх,  билирубин ихсэх, хэт мэдрэгшлийн урвал, цусанд кали багасах, хөдөлгөөний хурд идэвхи буурах,  уушигны завсрын эдийн үрэвсэл, цусны цагаан эсийн тоо цөөрөх, бэлгийн сулрал, мигрени, зүрхний ишеми, айдас түгшүүр, мэдрэлийн гаралтай өвдөлт, хар дарж зүүдлэх, цусны эсүүдийн тоо цөөрөх, саажилт, захын эрхтний ишеми, гэрэлд хэт мэдрэгших, загатнаа, тууралт (эритематоз, макулопапулар, псориаз), амьсгалын шалтгаант шүлтжилт, унаж таталдах, Стевенс-Жонсоны хам шинж, тахикарди, чих шуугих, арьсны өнгөн давхаргын хордлогот үхжил, чонон хөрвөс, ам хатаж хуурайших.

Карведилол зах зээлийн хэрэглээнд нэвтэрснээс хойш дараах гаж нөлөөнүүд илэрч мэдээлэгдсэн ч хэдэн хүнд тохиолдсон нь,  яг энэ эмнээс болсон эсэх нь тодорхойгүй учраас гаж нөлөөний давтамж ба шалтгаан үр дагаварын хамаарлыг тогтоох боломжгүй байгаа.

Хоол тэжээл, бодисын солилцооны эмгэг:

Бетта-хориглогч бүлгийн эмүүд нь цусан дахь глюкозын зохицуулалтыг алдагдуулснаар далд хэлбэрийн чихрийн шижинг илэрхий болгож, ил хэлбэрийн ЧШ-г даамжруулдаг.

Сэтгэцийн эмгэг: Карведилолоос хамааралтай хий үзэгдэлд (галлюцинац) автах шинж илэрсэн.

Зүрхний эмгэг:  Урьдал  хүчин зүйл бүхий (өндөр настан, зүрхний хэм удаан, АВ хоригтой, синусын зангилааны эмгэгтэй) өвчтөний синусын зангилаанд сэрэл үүсэхгүй болох (Sinus arrest) тохиолдол гарсан.

Арьс ба зөөлөн эдийн эмгэг: арьсны өнгөн давхаргын хордлогот үхжил, Стивенс-Жонсоны хам шинж, ихээр хөлрөх.

Бөөр шээсний замын эмгэг: зарим эмэгтэйд энэ бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараа шээсээ барьж чадахгүй болох шинж илэрсэн  

Хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах, нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлөх эсэх: Карведилол (КАРВЕДА) нь хорт хавдар үүсгэх (карциноген), генийн өөрчлөлтөд оруулах (мутаген) нөлөө үзүүлээгүй.

Карведилол (КАРВЕДА)-г амьтанд туршихад: өндөр тунгаар хэрэглэхэд эм хархны үржлийг бууруулсан. Мөн ургийн жин буурч, араг ясны хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Харх ба туулайн урагт хордуулах  (зулбалт нэмэгдэх) нөлөө үзүүлсэн.

Жолоо барих механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Жолоо барих, техниктэй харьцаж ажиллах чадварт бага нөлөөлнө. Гэхдээ зарим хүмүүст ялангуяа эмчилгээний зохицуулалтад анхаарах хэрэгтэй.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Дараах эмүүд Карведилол(КАРВЕДА)-той зэрэг хэрэглэхэд харилцан нөлөөлнө.

CYP2D6 саатуулагчид, сул хувиргагчид

CYP2D6 изоферментийг саатуулагч (хинидин, флуоксетин, пароксетин, пропафенон) зэрэг эмүүд Карведилолтой хэрхэн харилцан нөлөөлөхийг  судлаагүй ч эдгээр эм нь Краведилолын R (+) энантиомерийн агууламжийг ихэсгэнэ. Эмнэл зүйн ретроспектив судалгаанаас харахад: 2D6 сул хувиргагчид нь R(+) энантиомерийн түвшинг ихэсгэснээр судас өргөсгөх тул титрлэлтийн явцад толгой эргэх шинж үүсгэж байсан.

Даралт ихсэлтийн эсрэг эмүүд

Бета–хориглогч болон катехоламин бууруулагч (резерпин, моноаминоксидаза-г  саатуулагчид) эмийг нэг зэрэг хэрэглэснээр гипотензи, хүнд хэлбэрийн брадикади үүсгэнэ. Бета–хориглогч эмийг донидинтой хамт хэрэглэхэд цусны даралтыг багасгахын зэрэгцээ зүрхний хэмийг цөөрүүлдэг. Эдгээр эмүүдийг хамт хэрэглэсэн бол эхлээд бета-хориглогч эмийг дараа нь Клонидиныг  тунг нь (хэд хоногийн турш) аажмаар багасгах замаар зогсооно.

Циклоспорин

Бөөр шилжүүлэн суулгуулсан 21 өвчтөнд Карведилол (КАРВЕДА) эмчилгээг нэмж өгөхөд циклоспорины концентраци нэмэгдсэн. Судалгаанд хамрагдагсдын 30 орчим хувьд циклоспорины тунг эмчилгээний хязгаар дотор хадгалахын тулд тохируулга хийх шаардлагагүй байсан. Үлдсэн хэсэгт нь циклоспорины тунг 20% бууруулсан. Эдгээр эмийг хамт хэрэглэх үед харилцан нөлөөллийг тооцож циклоспорины тунг зохих ёсоор тохируулж байхыг зөвлөж байна.

Гликозид

Хуруувчин цэцгийн гликозид, бета-хориглогч эмүүд аль аль нь ховдол тосгуурын хориг үүсгэн зүрхний цохилтыг бууруулдаг тул хамт хэрэглэвэл брадикарди үүсгэдэг. Мөн Дигоксины концентрац 15% ихэсдэг тул дигоксины тунг хянаж тохируулах эсвэл КАРВЕДА эмийн хэрэглээг зогсоох нь зүйтэй.

Элгэн дэх эмийн хувирлыг өдөөгчид болон саатуулагчид

Карведилол (КАРВЕДА) эмийн сийвэн дэх концентрац (AUC) ыг Рифампин 70% бууруулж, циметидин 30% ихэсгэдэг. Гэвч Cmax өөрчлөгддөггүй.

Амиодарон

Амиодарон,түүний метаболит диэтил амиодарон нь CYP2C9, P-гликопротейныг саатуулж S(-) – энантимерийг 2 дахин ихэсгэдэг тул Амиодарон ба флуконазолыг Карведилолтой хамт хэрэглэвэл бета–хориглох нөлөө нь нэмэгдэж зүрхний хэм ба цусны даралт буурдаг. Өвчтөнд нэг эмийг өөр эмээр солихдоо зүрхний хориг ба брадикарди үүсч буй эсэхийг анхаарч байх хэрэгтэй.

Кальцын сувгийг хориглогчид

Дилтиаземтэй хавсарч хэрэглэх үед зүрх судсыг хүчтэй дарангуйлах ба ховор тохиолдолд гемодинамикийн өөрчлөлт ажиглагдсан. Бусад бетахориглогч эмийн адил, энэ эмийг верапамил, дилтиазем г.м  кальцийн сувгийг хориглогч эмүүдтэй хамт хэрэглэх бол байнга зүрхний цахилгаан бичлэг хийх ба цусны даралтыг хянаж байхыг зөвлөж байна.

Инсулин ба ууж хэрэглэдэг ЧШ эсрэг эмүүд

Бета- хориглогчид нь сахар бууруулах үйлдэлтэй инсулин болон бусад эмүүдийн үйлдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс эдгээрийг хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөний цусан дахь глюкозыг тогтмол хянах шаардлагатай.

Мэдээгүйжүүлэгчид

Карведилол (КАРВЕДА) эмчилгээ хийгдэж буй өвчтөнд зүрхний ажиллагааг дарангуйлдаг эфир, циклопропан, трихлорэтилен зэрэг бодисоор  мэдээгүйжүүлэг хийвэл онцгой анхааралтай байх ёстой.

Хооллолтын нөлөө: Хооллолт шимэгдэлтийг бууруулдаг учраас ортостатик гипотензи-г бууруулахын тулд эмийг хооллох үедээ хэрэглэ.

Грейфрут жимсний шүүс: 300 мл грейфрутын шүүс уухад карведилолын AUC нь усаар даруулан уусантай харьцуулахад 1,2 дахин ихэсдэг. Хэдийгээр энэ урвалын тунгийн хамаарал ба эмнэлзүйн ач холбогдол бүрэн тогтоогдоогүй ч эм хэрэглэж байх үедээ грейфрутын шүүс уухаас зайлсхийх хэрэгтэй.

Дигидропиридин: Энэ эмийг Карведилолтой хамт хэрэглэх үед зүрхний дутагдал ба хүнд хэлбэрийн гипотони үүсч байсан тул эмчийн чанд хяналтанд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Нитратууд: даралт бууруулах үр нөлөөг нэмэгдүүлдэг.

Клонидин: Клонидиныг Бета-хориглогч эмтэй хавсран хэрэглэх үед цусны даралт ба зүрхний хэмийг бууруулах үйлдлийн хүч нэмэгддэг. Эдгээр эмийн тунг бууруулах эсвэл хэрэглээг зогсоох шаардлага гарсан тохиолдолд Бета-хориглогч эмээс эхлэх хэрэгтэй. Түүнээс хэд хоногийн дараа клонидины тунг бууруулах эсвэл эмчилгээг зогсоох боломжтой.

Альфа ба Бета – адреномиметикууд: Хамт хэрэглэх үед даралт хэт буурах ба зүрхний хэм хэт удаашрах эрсдэл нэмэгдэнэ.

Эрготаминууд: Судас агшаах үр нөлөө нэмэгдэнэ.

Мэдрэл-булчингийн хориг үүсгэгчид: Мэдрэл-булчингийн хориг үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Бета-агонист үйлдэлт бронх тэлэгчид: Зөвхөн зүрхний ажиллагаанд нөлөөлөх бета- хориглогчдоос ялгаатай нь, энэ эм Бета-агонист үйлдэлт бронх тэлэх эмийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Тиймээс эдгээр эмийг хамт хэрэглэх үед өвчтөнийг хянамгай ажиглах хэрэгтэй.  

ХАДГАЛАЛТ

Хуурай, харанхуй нөхцөлд 20° - 25°C хэмд хадгална.

ЗААВАРЧИЛГАА

Хүүхдээс хол хадгална. Зөвхөн бүртгэлтэй эмчийн жороор олгоно.

Хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншина уу. Энэхүү заавар байнга шинэчлэгддэг.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

ФЕРОЗСОНС ЛАБОРАТОРИС ЛИМИТЕД ХХК

Ш/Х Ферозсонс, Нөүвшэра-Пакистан

Үйлдвэрлэгчийн лицензийн дугаар 000038