
Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Лансопрол® (Lansoprol®)
Худалдааны нэр
Лансопрол
Олон улсын худалдааны бус нэр
Лансопразол
Эмийн хэлбэр
30мг бүрээс
Найрлага
1 бүрээсд:
Үйлчлэгч бодис: лансопразолын микропеллет* - 377,40мг (30мг лансопразолтой тэнцэнэ)
Бүрээсийн их биеийн найрлага: титанийн хоёрч исэл (Е171), улаан төмрийн исэл (Е172), шар төмрийн исэл (Е172), желатин
Бүрээсийн таглаа: патентжуулсан хөх V (E131), титанийн хоёрч исэл (Е171), шар төмрийн исэл (Е172), желатин
377,40мг микропеллетын найрлага*, миллиграммаар.
Үйлчлэгч бодис – лансопразол 30,00мг
Туслах бодис: саармаг микропеллет (хэмжээ 26), маннитол, цардуул натрийн гликолят (эксплотаб), магнийн карбонат, поливинилпирролидон К 30, сахароз, полоксамер 407, гидроксипропилметилцеллюлоз (Фармакоат 603), эудрагит L 30 D55, тальк, цитрофлекс (триэтилцитрат), 30% симетиконы цийдмэг.
Дүрслэл
Хар ногоон өнгийн тунгалаг бус таглаа, цайвар улбар шар өнгийн тунгалаг бус их биетэй №1 хэмжээ бүхий хатуу царцмаган бүрээс.
Эмийн эмчилгээний бүлэг
Шархлааны эсрэг эм ба ходоод улаан хоолойн сөөргөөний эмчилгээнд зориулсан эм. Протоны шахуургыг хориглогч, Лансопразол.
АТХ код: А02ВС03
Фармакологийн шинж:
Фармакокинетик
Лансопразол нь 2 идэвхтэй энантиомерын рацемат бөгөөд париеталь эсийн хүчиллэг орчинд идэвхтэй хэлбэрт шилжиж хувирдаг. Лансопразол нь ходоодны шүүсээр түргэн идэвхгүйждэг учир ерөнхий шимэгдэлтэнд зориулсан гэдсэнд уусдаг хэлбэрээр ууж хэрэглэнэ.
Шимэгдэлт ба тархалт
Лансопразолыг 1 удаа хэрэглэсний дараа биохүрэхүй нь 80-90% байна. Цусны сийвэн дэх концентраци нь 1,5-2 цагийн дараа дээд түвшиндээ хүрдэг. Хооллох нь лансопразолын шимэгдэлтийг удаашруулах ба биохүрэхүй нь ойролцоогоор 50%-р буурдаг. Цусны сийвэнгийн уурагтай 97% холбогдоно.
Мөхлөг нь цаашдаа бага хэмжээний жүржийн, алимны, улаан лоолийн шүүстэй холилдсон эсвэл хоолны халбага алимны болон лиирийн нухаш, тараг, царцмаг, ээдэмтэй холилдсон онгойлгосон болон онгойлгоогүй бүрээсийн лансопразолын AUC-ын үзүүлэлт нь ижил тогтоогдсон байна. Түүнчлэн мөхлөг хамар ходоодны гуурсаар хийхэд зориулсан алимны шүүстэй холилдох үед AUC-ын үзүүлэлт нь мөн ижил байсан байна.
Метаболизм ба ялгаралт
Лансопразол үндсэндээ CYP2C19 ферментийн оролцоотойгоор элгэнд метаболизмд эрчимтэй орж сульфон, сульфид ба лансопразолын 5-гидроксилын уламжлал үүсгэдэг. Түүнчлэн метаболизмд нь CYP3A4 фермент оролцдог. Метаболитууд нь шүүрлийн эсрэг бага зэргийн идэвхтэй эсвэл идэвхгүй байдаг бөгөөд бөөрөөр болон шээстэй ялгарна.
Сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь бэлдмэлийг 1 удаа болон олон удаа хэрэглэсний дараа 1-2 цагийн хооронд хэлбэлздэг бөгөөд хуримтлагддаггүй.
Бэлдмэлийн ойролцоогоор гуравны нэг нь шээстэй, гуравны хоёр нь өтгөнтэй ялгардаг.
Өндөр настай өвчтөний лансопразолын клиренс багасдаг ба хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 50-100%-р ихэсдэг. Өндөр настай өвчтөний цусны сийвэн дэх дээд концентраци нь ихэсдэггүй.
Хүүхдийн практикт (1-17 насны хүүхэд, өсвөр насныхан) 30кг-с бага жинтэй хүүхдэд 15мг тунгаар, 30кг-с дээш жинтэй хүүхдэд 30мг тунгаар хэрэглэсэн лансопразолын фармакокинетик насанд хүрэгсдийн фармакокинетиктэй адил байсан. 2-3 сараас 1 хүртэл насны хүүхдэд 17мг/м2 эсвэл 1мг/кг тунгаар хэрэглэсэн судалгаагаар насанд хүрэгсдийнхтэй харьцуулж болохуйц түвшин илэрсэн.
Насанд хүрэгсэдтэй харьцуулахад лансопразолыг 2-3 сараас бага насны хүүхдэд 1мг/кг ба 0,5мг/кг тунгаар 1 удаа хэрэглэсний дараа илүү өндөр концентраци ажиглагдсан байна.
Элэгний дутагдлын үеийн фармакокинетик
Хөнгөн хэлбэрийн элэгний дутагдалтай өвчтөнд лансопразолын үйлдэл 2 дахин нэмэгдэх бөгөөд дунд болон хүнд явцтай элэгний дутагдалтай өвчтөнд их хэмжээгээр ихэсдэг.
CYP2C19-ын удаан метаболизаторууд
CYP2C19 нь удамшлын полиморфизмоор нөхцөлдөх бөгөөд удаан метаболизатор гэж нэрлэгддэг хүн амын 2-6% нь CYP2C19-ын мутант аллель генийн гомозигот байдаг учир CYP2C19 ферментийн үйл ажиллагааны дутагдалтай байдаг. Удаан метаболизаторын лансопразолын үйлдэл түргэн метаболизаторынхоос хэд дахин өндөр байдаг.
Фармакодинамик
Лансопразол нь протоны шахуургыг хориглогч бөгөөд ходоодны париеталь эсийн Н+/K+АТФаз-ын идэвхийг удаашруулж ходоодны шүүсний үүсэлтийн төгсгөлийн шатыг саатуулдаг. Ингэж саатуулах нь тунгаас хамааралтай, түр зуурын шинжтэй байдаг бөгөөд ходоодны суурь болон өдөөгдсөн шүүсний аль алинд нөлөөлдөг.
Лансопразол нь ходоодны париеталь эсэд хуримтлагдаж тэдгээрийн хүчиллэг орчинд идэвхтэй болж Н+/K+АТФаз-ын сульфагидрилын бүлэгтэй урвалд орж уг ферментийн үйлдлийг удаашруулдаг.
Ходоодны шүүрэлд үзүүлэх нөлөө
Лансопразолыг 30мг тунгаар 1 удаа ууж хэрэглэхэд пентагастринаар өдөөгдсөн ходоодны шүүсний шүүрлийг ойролцоогоор 80% дарангуйлдаг байна. 7 хоногийн хугацаанд өдөр бүр давтан хэрэглэсний дараа ходоодны шүүсний шүүрэл дарангуйлагдах нь дунджаар 90%-д хүрдэг. Энэ нь ходоодны шүүсний суурь шүүрэлд тохирсон нөлөө үзүүлдэг.
Бэлдмэлийг 30мг тунгаар 1 удаа ууж хэрэглэхэд суурь шүүрэл ойролцоогоор 70%-р буурах ба эхний тунг хэрэглэсний дараа шинж тэмдэг багасдаг. 8 өдөр давтан хэрэглэсний дараа ойролцоогоор 85% буурдаг.
30мг бүрээсийг 1 удаа хэрэглэхэд шинж тэмдэг түргэн хөнгөвчлөгдөх ба 12 хуруу гэдэсний шархлаатай ихэнх өвчтөнд 2 долоо хоногийн хугацаанд, ходоодны шархлаа ба улаан хоолойн сөөргөөт үрэвсэлтэй өвчтөнд 4 долоо хоногийн хугацаанд эдгэрэл илэрдэг. Ходоодны хүчиллэгийг багасгаснаар лансопразол нь тохирсон антибиотикын H.pylori-ын эсрэг үйлчлэх орчинг бүрдүүлдэг.
Хэрэглэх заалт
· Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ
· Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
· H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ.
· Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт
· Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээ
· Золлингер – Эллисоны хам шинж
Хэрэглэх арга, тун
Лансопрол бэлдмэлийг тохиромжтой үр нөлөө үзүүлэхийн тулд 30мг бүрээсийг H.pylori-ыг устгах зорилгоор хэрэглэхээс (өглөө 1 удаа, орой 1 удаа – хоногт 2 удаа хэрэглэх схемээр явуулж буй эмчилгээ) бусад тохиолдолд хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ.
Лансопрол бэлдмэлийг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө хэрэглэх хэрэгтэй.
Бүрээсийг бүтнээр нь зажлахгүйгээр шингэнээр даруулж залгина.
Залгиж хэрэглэхэд хүндрэлтэй байгаа өвчтөнд хэрэглэхийг хөнгөвчлөхийн тулд бүрээсийг онгойлгож мөхлөгийг бага хэмжээний ус, алимны болон улаан лоолийн шүүстэй хольж эсвэл бага хэмжээний хөнгөн хоолон (жишээ нь тараг, алимны нухаш) дээр цацаж болно.
Бүрээсийг түүнчлэн онгойлгож хамар ходоодны гуурсаар хийхэд зориулсан 40мл алимны шүүстэй хольж болно. Хөвмөл болон холимогийг бэлтгэсний дараа бэлдмэлийг яаралтай хэрэглэх хэрэгтэй.
12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ
30мг тунгаар хоногт 1 удаа 2 долоо хоногийн турш хэрэглэхийг зөвлөнө. Энэ хугацаанд бүрэн эмчлэгдэхгүй байгаа өвчтөнд эмчилгээг уг тунгаар дараагийн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжлүүлнэ.
Ходоодны шархлааны эмчилгээ
30мг тунгаар хоногт 1 удаа 4 долоо хоногийн турш хэрэглэнэ. Ерөнхийдөө шарх 4 долоо хоногийн хугацаанд эдгэрэх ба харин энэ хугацаанд бүрэн эмчлэгдээгүй өвчтөнд эмчилгээг дараагийн 4 долоо хоногийн турш уг тунгаар үргэлжлүүлж болно.
Улаан хоолойн сөөргөөт үрэвсэл
30мг тунгаар 4 долоо хоногийн турш хэрэглэхийг зөвлөнө. Энэ хугацаанд бүрэн эмчлэгдээгүй өвчтөнд эмчилгээг дараагийн 4 долоо хоногийн турш уг тунгаар үргэлжлүүлж болно.
Улаан хоолойн сөөргөөт үрэвслээс сэргийлэх
30мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ.
Helicobacter .pylori-ыг устгах
Тохирсон хавсарсан эмчилгээг сонгох үедээ бактерийн тэсвэржилттэй холбоотой тухайн нутгийн тусгай аргачлалын зарчим, бактерийн эсрэг тохирсон эмийг хэрэглэх, эмчилгээний үргэлжлэх хугацаа (ихэнх тохиолдолд 7 хоног, зарим үед 14 өдөр хүртэл) зэргийг анхаарах хэрэгтэй.
Лансопразолыг 30мг тунгаар хоногт 2 удаа 7 өдрийн турш дараах антибиотиктой хавсарч хэрэглэнэ:
· Кларитромицин 250-500мг-р хоногт 2 удаа + амоксициллин 1г-р хоногт 2 удаа
· Кларитромицин 250мг-р хоногт 2 удаа + метронидазол 400-500мг-р хоногт 2 удаа.
Лансопразолыг кларитромицин ба амоксициллинтэй эсвэл кларитромицин ба метронидазолтой хамт хэрэглэх үед Helicobacter .pylori-ыг 90% хүртэл устгана. Helicobacter .pylori-ыг устгах эмчилгээ амжилттай болсноос хойш 6 сарын дараа халдвар дахин илрэх эрсдэл багасдаг учир дахих магадлал бага байна.
Лансопразолыг 30мг-р хоногт 2 удаа, амоксициллиныг 1г-р хоногт 2 удаа болон метронидазолыг хоногт 400-500мг-р хоногт 2 удаа хэрэглэсэн эмчилгээний схемийг кларитромициныг хэрэглэсэн эмчилгээний схемтэй харьцуулахад H.Pylori-г устгах түвшин илүү бага байдаг байна. Ийм хэрэглээг кларитромициныг хэрэглэх боломжгүй өвчтөнд тухайн нутгийн тэсвэржилтийн түвшин метронидазолтой харьцуулахад бага байгаа өвчтөнд H.Pylori-г устгах эмчилгээний хэсэг болгон хэрэглэнэ.
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ
Лансопрол бэлдмэлийг 30мг тунгаар хоногт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ. Энэ хугацаанд эмчлэгдээгүй өвчтөний эмчилгээг дахин 4 долоо хоног уртасгаж болно. Эмчлэгдэхэд түвэгтэй шархлаатай эсвэл өндөр эрсдэлтэй өвчтөнд илүү удаан хугацааны ээлж эмчилгээ эсвэл илүү өндөр тунгаар хэрэглэж болно.
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өндөр эрсдэлтэй (65-с дээш настай эсвэл ходоод ба 12 хуруу гэдэсний архаг шархлаатай) өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний урьдчилан сэргийлэлт
Лансопразолыг 30мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ.
Улаан хоолой ходоодны шинж тэмдгийн сөөргөөт өвчин
30мг-р өдөр бүр хэрэглэхийг зөвлөнө. Өвчний шинж тэмдэг сулрах нь практикын хувьд бараг шууд ажиглагддаг. Бэлдмэлийн тунг сонгохдоо хувь хүн бүрд өвөрмөцөөр сонгох шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Хэрэв 30мг тунгаар өдөр бүр хэрэглэн 4 долоо хоногийн хугацаанд өвчний шинж арилахгүй байгаа тохиолдолд цаашид шинжлэхийг зөвлөнө.
Золлингер – Эллисоны хам шинж
Зөвлөж буй эхний тун нь 60мг-р хоногт 1 удаа хэрэглэх юм. Бэлдмэлийн тунг өвчтөн бүрт өвөрмөцөөр сонгох бөгөөд эмчилгээг шаардлагатай хугацаагаар явуулна. Түүнчлэн 180мг хүртэл хоногийн тунгаар хэрэглэнэ. 120мг-с их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай үед тунг 2 хувааж хэрэглэх хэрэгтэй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.
Элэгний дунд зэргийн болон хүнд явцтай өөрчлөлттэй өвчтөний хоногийн тунг 50% бууруулж тогтмол хянахыг зөвлөнө.
Өндөр настай өвчтөнд лансопразолын клиренс багасдаг учир хувь хүнд тохирсон заалтанд үндэслэж тунг тохируулах шаардлага гарч болно. Шаардлагатай эмнэл зүйн заалтаас бусад тохиолдолд өндөр настай өвчтөнд хэрэглэх лансопразолын хоногийн тунг 30мг-с хэтрүүлэхгүй.
Хүүхэд
Эмнэл зүйн судалгаа хязгаарлагдмал байдаг учир лансопразолыг хүүхдэд хэрэглэхгүй. 1–с доош насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь ходоод улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээнд эерэг үр нөлөө үзүүлээгүй мэдээлэл байдаг.
Гаж нөлөө
Олонтаа (≥1/100-c <1/10 хүртэл)
· Толгой өвдөх, толгой эргэх,
· Дотор муухайрах, суулгах, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам эсвэл хоолой хатах
· Элэгний ферментийн түвшин ихсэх
· Чонон хөрвөс, загатнаа, тууралт
· Сульдах
Хааяа (≥1/1000-c <1/100 хүртэл)
· Тромбоцитын тоо цөөрөх, эозинофилийн тоо ихсэх, лейкоцитын тоо цөөрөх
· Сэтгэл гутрал
· Үений өвдөлт, булчингийн өвдөлт, гуя, бугуй, нурууны яс хугарах.
· Хаван
Ховор (≥1/10000-c <1/1000 хүртэл)
· Цус багадалт
· Нойргүйдэл, хий үзэгдэл, ухаан балартах
· Тайван бус болох, толгой эргэх, гаж мэдрэхүй, нойрмоглох, салганах
· Хараа өөрчлөгдөх
· Хэл үрэвсэх, улаан хоолойн кандидоз, нойр булчирхайн үрэвсэл, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
· Элэгний үрэвсэл, шарлах
· Хөхрөх, пурпур, үс унах, олон хэлбэрийн улайрал, гэрэлд мэдрэгших
· Бөөрний завсрын эдийн үрэвсэл
· Эрчүүдийн хөх томрох
· Халуурах
· Хөлс ихээр ялгарах, Квинкийн хаван, хоолонд дургүй болох, бэлгийн сулрал
Маш ховор (<1/10000)
· Агранулоцитоз, бүх эсийн тоо цөөрөх
· Бүдүүн гэдэсний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл
· Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил
· Анафилаксын шок
· Холестерин, триглицеридийн хэмжээ ихсэх, цусан натрийн хэмжээ багасах
Давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэл дээр үндэслэж тодорхойлох боломжгүй)
· Цусан дахь магнийн хэмжээ багасах
Цээрлэлт
· Лансопразол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
· Ходоод гэдэсний хорт хавдар
· Атазинавиртай хамт хэрэглэх
· Бөөрний хүнд явцтай дутагдал (креатининий клиренс <30мл/мин)
· Элэгний дутагдал
· 18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныхан
· Жирэмсэн ба хөхүүл үе
Эмийн харилцан үйлчлэл
Лансопразолын бусад бэлдмэлд үзүүлэх нөлөө
Шимэгдэлт нь рН-аас хамаардаг эмийн бэлдмэл
Ходоодны шүүсний рН нь биохүрэхүйн хувьд чухал байгаа тохиолдолд лансопразол нь бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлж болно.
Атазанавир
Лансопразолыг (60мг-р хоногт 1 удаа) 400мг атаназавиртай хамт хэрэглэхэд атаназавирын концентраци их хэмжээгээр (AUC ба Cmax нь ойролцоогоор 90%) буурч болно. Лансопразолыг атаназавиртай хамт хэрэглэхгүй (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
Кетоконазол ба итраконазол
Кетоконазол ба итраконазолын хоол боловсруулах замаар шимэгдэх явц ходоод хүчиллэг үед ихэсдэг. Лансопразолыг хамт хэрэглэх үед кетоконазол ба итраконазолын түвшин эмчилгээний концентрациас доошилдог учир үүнтэй төстэй хослолоос зайлсхийх хэрэгтэй.
Дигоксин
Лансопразол болон дигоксиныг хамт хэрэглэхэд цусны сийвэн дэх дигоксины концентраци ихсэж болно. Иймээс цусны сийвэн дэх дигоксины концентрацийг хянах хэрэгтэй бөгөөд лансопразолын эмчилгээний эхэнд болон төгсгөлд дигоксины тунг зохицуулах хэрэгтэй.
Р450 ферментээр метаболизмд ордог эмийн бэлдмэл
Лансопразол нь CYP3A4 изоферментээр метаболизмд ордог бэлдмэлийн цусны сийвэн дэх концентрацийг ихэсгэж болно.
Эмчилгээний нарийн цонхтой байдаг ба уг ферментээр метаболизмд ордог бэлдмэлтэй лансопразолыг болгоомжтой хэрэглэнэ.
Теофиллин
Лансопразол цусны сийвэн дэх теофиллины концентрацийг багасгадаг. Иймээс уг тунгаар хэрэглэж буй үед хүлээгдэж буй эмнэл зүйн үр нөлөө багасаж болно. Эдгээр 2 бэлдмэлийг хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Такролимус
Лансопразолтой хамт хэрэглэх үед цусны сийвэн дэх такролимусын концентраци ихсэнэ (CYP3A4 ба P-gp). Лансопразол такролимусын дундаж концентрацийг 81% хүртэл ихэсгэдэг. Лансопразолын хавсарсан эмчилгээг эхлэх болон дуусгах үед цусны сийвэн дэх такролимусын концентрацийг хянахыг зөвлөнө.
Р-гликопротеиноор зөөгддөг эмийн бэлдмэл
In vitro судалгаагаар лансопразол нь P-гликопротеин (P-gp) зөөврийн уургийг дарангуйлдаг. Үүний эмнэл зүйн ач холбогдол нь тодорхойгүй.
Бусад эмийн бэлдмэлийн лансопразолд үзүүлэх нөлөө
CYP2C19-ыг дарангуйлдаг эмийн бэлдмэл
Флувоксамин
Лансопразолыг CYP2C19-ыг дарангуйлагч флувоксаминтай хамт хэрэглэх үед цусны сийвэн дэх лансопразолын концентраци 4 дахин хүртэл ихэсдэг. Тэдгээрийг хамт хэрэглэх шаардлагатай үед лансопразолын тунг багасгахыг анхаарах хэрэгтэй.
CYP2C19 ба CYP3A4-ыг идэвхжүүлэгч эмийн бэлдмэл
Рифампицин, Алтан цэгцүүхэйн (Hypericum perforatum) бэлдмэл зэрэг CYP2C19 болон CYP3A4 изоферментийг идэвхжүүлэгч эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед лансопразолын цусны сийвэн дэх концентраци багасаж болно.
Бусад бэлдмэл
Сукральфат/ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл
Сукральфат/ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл нь лансопразолын биохүрэхүйг багасгаж болно. Иймээс лансопразолыг эдгээр бэлдмэлийг хэрэглэснээс хойш дор хаяж 1 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.
Лансопразол болон стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмнэл зүйн ач холбогдол бүхий харилцан үйлчлэл тогтоогдоогүй. Гэвч үүнтэй төстэй харилцан үйлчлэлийн албан ёсны судалгаа хийгдээгүй байна.
Онцгой анхааруулга
Шархлааны эсрэг бусад төрлийн эмчилгээтэй нэгэн адилаар лансопразолын ходоодны шархлааны эсрэг эмчилгээний үед ходоодны хорт хавдартай эсэхийг үгүйсгэх шаардлагатай. Учир нь өвчний шинж тэмдгийг далдалж оношлоход хүндрэлтэй болгодог.
Лансопразолыг элэгний дунд болон хүнд явцтай үйл ажиллагааны өөрчлөлтийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Лансопразолыг хэрэглэх үед ходоодны шүүсний хүчиллэг багассанаар хоол боловсруулах замд байдаг ходоодны бактерийн тоо ихсэнэ. Лансопразолын эмчилгээ нь Сальмонелла, Кампилобактер зэрэг хоол боловсруулах замын халдвар үүсэх эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлж болно.
Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны шинж тэмдэгтэй өвчтөнд шалтгааны хүчин зүйл болох H.pylori –ын халдвар үүсэх магадлалтайг анхаарах хэрэгтэй.
H.pylori –ыг устгах зорилгоор лансопразолыг антибиотиктой хамт хэрэглэж байгаа тохиолдолд эдгээр антибиотикын хэрэглэх зааврыг баримтлах хэрэгтэй.
1 жилээс дээш хугацаагаар үргэлжилж буй барих эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хангалтгүй байдаг учир эмчилгээг тогтмол хянах ба эмчилгээний ач холбогдол болон эрсдлийг сайтар үнэлэх шаардлагатай.
Лансопразол хэрэглэж байгаа өвчтөнд маш ховор тохиолдолд бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн байна. Иймээс хүнд явцтай эсвэл удаан хугацааны суулгалт илэрвэл эмчилгээг зогсоохыг анхаарах хэрэгтэй.
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж буй өндөр эрсдэлтэй ((жишээ нь хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа цоорох, өндөр настан, гликемийн индексийг ихэсгэдэг эмийн бэлдмэлтэй (жишээ нь кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм) хамт хэрэглэх, хүнд явцтай дагалдах өвчин, стероид бус үрэвслийн эсрэг эмийг эмчилгээний дээд тунгаар удаан хугацаагаар хэрэглэх) өвчтөнд идэгдмэл шархлаанаас сэргийлэх зорилгоор лансопразолын хэрэглээг хязгаарлах шаардлагатай.
Протоны шахуургыг хориглогч бэлдмэлийн эмчилгээг дор хаяж 3 сар, ихэвчлэн 1 жилийн хугацаанд явуулсан өвчтөнд гипомагниеми (цусан дахь магнийн хэмжээ багасах) хүнд хэлбэрээр илэрдэг байна. Цусан дахь магнийн хэмжээ хүнд явцтай багасах нь сульдах, татах, дэмийрэх, таталтаа, толгой эргэх, ховдлын аритми зэрэг шинжээр илрэх боловч мөн илэрхий шинж тэмдэггүй эсвэл үл мэдэг илэрч болно.
Протоны шахуургыг хориглогч эмийн эмчилгээг зогсоох болон магнийн дутагдлыг нөхсний дараа ихэнх өвчтөний цусны дахь магнийн хэмжээ багасалт арилдаг.
Протоны шахуургыг хориглогч эмийн удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа эсвэл протоны шахуургыг хориглогч эмийг дигоксин болон цусан дахь магнийн хэмжээг багасгадаг (жишээ нь шээс хөөх эм) эмтэй хамт хэрэглэж байгаа өвчтөнд протоны шахуургыг хориглогч бэлдмэлийн эмчилгээг эхлэхээс өмнө болон эмчилгээний үед үе үе магнийн түвшинг хэмжих хэрэгтэй.
Протоны шахуургыг хориглогч эмийг ялангуяа өндөр тунгаар удаан хугацаагаар (1 жилээс дээш) хэрэглэж байгаа тохиолдолд гуя, бугуй, нурууны яс хугарах эрсдэл ихэвчлэн өндөр настан болон бусад ерөнхий эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд бага зэрэг ихсэж болно. Протоны шахуургыг хориглогч эм нь хугарлын нийт эрсдлийг 10-40% ихэсгэдэг болох нь тогтоогдсон. Энэ нь бусад эрсдэлт хүчин зүйлтэй хэсэгчлэн холбогдож болно.
Ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй өвчтөн үйлчилж буй эмнэл зүйн удирдамжийн дагуу тусламж авах ба витамин Д болон кальци хангалтай хэмжээгээр хэрэглэнэ.
Туслах бодистой холбоотой тусгай мэдээлэл
Лансопрол бэлдмэл сахароз агуулдаг учир түүнийг фруктозын үл зохицол, глюкоз галактозын шингээлтийн алдагдал, сахараз-изомальтаз ферментийн дутагдал зэрэг удамшлын шалтгаантай эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Толгой эргэх, хараа өөрчлөгдөх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болох тул тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллахдаа болгоомжлох хэрэгтэй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Шинж тэмдэг: лансопразолын тун хэтэрсэн тохиолдол тодорхойгүй байдаг (цочмог хордлого үүсэх эрсдэл бага байх магадлалтай)
Лансопразолыг 180мг хүртэл тунгаар өдөр бүр ууж хэрэглэсэн болон 90мг хүртэл тунгаар судсанд тарьсан судалгаагаар илэрхий гаж нөлөө ажиглагдаагүй байна.
Эмчилгээ: тун хэтэрсэн гэж үзэж байгаа тохиолдолд өвчтөний биеийн байдлыг хянах шаардлагатай.
Лансопразол гемодиализаар бага хэмжээгээр ялгардаг учир гемодиализ үр дүнгүй байна.
Шаардлагатай үед ходоод угаах ба идэвхжүүлсэн нүүрс хэрэглэн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Эмийн хэлбэр, савлалт
7 бүрээсийг ПВХ/ПЭ/ПВДХ хальс болон хөнгөн цагаан фольги-с тогтсон тусгай үүр бүхий савлалтанд хийж гаргана.
2 ба 4 тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт үйлдвэрлэгчийн голограмм бүхий цаасан хайрцагт хийж гаргана.
Хадгалалт
25°С-аас ихгүй хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа
3 жил.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш.
Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 34768 Умрание, Стамбул хот / Турк улс
Телефон : +90 (216) 633 60 00
Факс: +90 (216) 633 60 01
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш.
Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 34768 Умрание, Стамбул хот / Турк улс