
Хэрэглэх заавар
Ципрофлоксацин 500 мг шахмал эм
Худалдааны нэр: Ципрофлоксацин
Олон улсын нэршил: Ципрофлоксацин
Эмийн хэлбэр: Цагаан өнгийн, бүтэн ирмэгтэй, тэгш гадаргуутай, дугираг шахмал эм
Найрлага, тун хэмжээ: 1 шахмалд: Үйлчлэгч бодис: Ципрофлоксацины гидрохлорид 500 мг Туслах бодис: Поливинилпирролидин, эрдэнэшишийн цардуул, тальк, магнийн стеарат тус тус агуулагдана.
Фармакологийн бүлэг:
Фармакокинетик: Vd=4.5л/кг, F=0.6, CL=50л/цаг, t1/2=4.1цаг, уурагтай холбогдолт 20-40%, эд эрхтэнд тархах чадвар сайтай, цэрэнд 100%, цээжний гялтангын шингэнд 80-90% нэвтэрнэ, уушиг, гүйлсэн булчирхай, үрэвслийн шингэнд илүү их концентрацитай хуримтлагдана, метаболизм бүрэн тодорхой бус, дөрвөн ч янзын метаболит үүсгэдэг нь тодорхойлогдсон, бөөрөөр давамгайлан ялгарна / хоногт 30% нь/, үйлдэл 12 цаг орчим хадгалагдана.
Фармакологийн үйлдэл: Грам сөрөг микроб, хөх идээ, гэдэсний болон гемофилийн савханцар шигелл, сальмонелл, менингококк, гонококк, зарим энтерококкын эсрэг нөлөөлнө. Мөн пенициллин, метициллинд тэсвэртэй стафилококкууд, камбилобактер, шегионелл, микоплазм, хламид, микобактери зэргийн эсрэг нөлөө сайтай.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг дээрх нянгийн гаралтай шээс ялгаруулах зам, амьсгалын зам, бэлгийн зам, яс, үе, арьс, зөөлөн эдийн халдварууд, хэвлийн хөндийн халдварууд, сепсис, бусад өвчний улмаас дархлаа суларсан өвчнүүдийн халдварууд, зарим төрлийн суулгалт, Salmonella нян тээлт зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг мөн мэс заслын халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун: Шахмалыг өлөн буюу хоол идэх үед бүхлээр нь зажлахгүй усаар даруулан ууна. Өвчин үүсгэгчийн мэдрэг чанар, халдварын байрлал, өвчтөний хүнд хөнгөн байдал зэргийг харгалзан тун, эмчилгээ, үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Бэлдмэлийг 12 цагаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Хоногийн ердийн тун 500мг - 1500мг. Өвчтөн бэлдмэлээ хэрэглэхийг мартвал санасан даруй уух шаардлагатай ч дараагийн тун уух хүртэл хэдхэн цаг үлдсэн бол тогтсон цагтаа уух нь тохиромжтой. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчнөөс хамаарна. Хэд хоногийн дараа биеийн байдал сайжирсан ч эмчийн заасан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэнэ. Эмчилгээг хэт эрт зогсоовол өвчин сэдэрч болзошгүй. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед эмч тунг багасгаж тохируулна.
Хориглох заалт: Солбилцлын хэт мэдрэгшил үүсч болзошгүй тул бусад эмийн бэлдмэлд харшлын урвал илэрсэн бол энэ тухай эмчдээ мэдээлэх шаардлагатай.
Болгоомжлол: Төв мэдрэлийн тогтолцооны хямралтай / уналт таталт, тархины цусны эргэлтийн алдагдал, сэтгэцийн өвчин /, бөөр буюу элэгний дутагдлын хүнд хэлбэртэй өвчнүүдэд онцгой шаардлагатай үед хэрэглэнэ.
Эмчилгээний үед өдөрт хэд хэдэн аяга ус уух шаардлагатай. Энэхүү арга хэмжээ нь бэлдмэлийн гаж нөлөөг багасгана.
Зарим өвчтөнд гэрэлд хэт мэдрэгшил үүсч болзошгүй тул нарны шууд тусгалаас зайлсхийх шаардлагатай.
Хинолоны бүлгийн бэлдмэлээр эмчлэх үед шөрмөс үрэвсэж тасарсан цөөн тохиолдол бүртгэгдсэн тул эмчилгээний үед шөрмөсний орчим өвдөх / ялангуяа эрээн булчингийн шөрмөсний орчим / шинж илэрвэл эмчийн зөвөлгөө авах шаардлагатай.
Эмчилгээний үед биеийн хүчний ачаалал авахаас зайлсхийх шаардлагатай.
Тун хэтрэх: Нэг дор олон шахмал хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчийн зөвөлгөө авах шаардлагатай.
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэж байх үед бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, толгой өвдөх., ядрах, цочимтгой болох, толгой эргэх, арьс загатнах, туурах шинж илэрч болно. Гаж нөлөө ихэвчлэн хөнгөн илэрч хурдан намддаг. Гаж нөлөө хүчтэй буюу удаан илэрвэл эмчийн зөвөлгөө авах шаардлагатай. Зарим ховор тохиолдолддог гаж нөлөө болох гэрэлд мэдрэгших, ухаан балартах, халуурах, арьсан дээр их хэмжээгээр тууралт гарч загатнах, нүүр хүзүү хавагнах, хөл хүчтэй өвдөх / шөрмөсний орчим / ба сонсгол хараа, мэдрэхүйн хий үзэгдэл илрэх зэрэг шинжүүд илэрвэл яаралтай эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй.
Эмийн харилцан нөлөөлөл: Ципрофлоксациныг бусад эмтэй хамт хэрэглэхэд эмийн харилцан нөлөөлөл үүсч болно. Жороор болон жоргүй олгогддог ямар ч эм байсан ципрофлоксацинтай хамт хэрэглэх эмийнхээ талаар эмчдээ мэдээлэх шаардлагатай. Ципрофлоксациныг хөнгөн цагаан, магний, кальций агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, сукральфат, төмөр, цайр агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь буурна. Дээрх бэлдмэлүүдийг ципрофлоксациныг хэрэглэхээс 4 цагийн өмнө буюу хойно хэрэглэнэ. Ципрофлоксацин нь теофиллин, кофейн, циклоспорин, цус шингэлэх / варфарин /зэрэг эмийн үйлдлийг дэмждэг тул тэдгээрийг хэрэглэх гэж байгаа бол эмчдээ мэдээлэх нь чухал юм.
Жирэмсэн, хөхүүл үед: Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Хөхүүл үед ципрофлоксациныг хэрэглэхдээ хүүхдээ хөхүүлэхээ түр зогсоох шаардлагатай. Хөхний сүүгээр их хэмжээтэй ялгарах тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Онцгой анхааруулга: Ципрофлоксациныг ердийн тунгаар хэрэглэхэд зарим өвчтөнд толгой эргэх, ядрах шинж илэрч болзошгүй. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн суурин дээр хөдөлгөөн сэтгэхүйн хурд удааширна. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм дээр ажиллахаас өмнө өвчтөнд бэлдмэлийн үзүүлэх нөлөөг тогтоох шаардлагатай.
Эмийн хэлбэр, савлалт: Ципрофлоксацин шахмал эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 10 блистерээр цаасан хайрцагт хийж, битүүмжлэнэ. 100 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК – ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 3-1
Вэйб сайт: www. munkhiintun.mn





































































































































































































































































































