
Хэрэглэх заавар
Ципро-Денк 750 (Cipro-Denk 750)
Ууж хэрэглэдэг нимгэн бүрхүүлтэй шахмал
Фторхинолины бүлгийн антибиотик
Үйлчлэгч бодис: Ципрофлоксацины гидрохлорид
Хүүхэд ба насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл.
Эм хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө таньд хэрэгтэй чухал мэдээлэл бүхий уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө хамаарна. 4 хэсгийг үз
Уг эм хэрэглэх зааварт:
- Ципро-Денк 750 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
- Ципро-Денк 750 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
- Ципро-Денк 750 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Ципро-Денк 750 нь фторхинолины бүлэгт хамаардаг антибиотик. Үйлчлэгч бодис нь ципрофлоксацин. Ципрофлоксацин нь халдвар үүсгэгч бактерийг үхүүлэх үйлдэлтэй. Бэлдмэл зөвхөн зарим төрлийн бактерийн омогт нөлөөлнө.
Хэрэглэх заалт:
Насанд хүрэгсдэд:
Ципро-Денк 750 бэлдмэлийг насанд хүрэгсдэд дараах бактерийн халдварын үед хэрэглэнэ.
- Амьсгалын замын зарим халдвар
- Чих ба хамрын дайвар хөндийн удаан үргэлжилсэн болон дахилтат зарим үрэвсэл
- Шээс ялгаруулах замын халдвар
- Эр ба эм бэлэг эрхтний халдвар
- Хоол боловсруулах замын болон хэвлийн хөндийн халдвар
- Арьс ба зөөлөн эдийн зарим халдвар
- Яс ба үений халдвар
- Neisseria meningitides-ын шалтгаант халдвараас сэргийлэх зорилгоор
- Боомын эмгэг төрүүлэгчийн ингаляцийн дараах эмчилгээ
Ципрофлоксациныг бактерийн шалтгаант халдвар гэж сэжиглэж байгаа халууралт болон цусны зарим цагаан эсийн тоо цөөрсөн (нейтрофиль эсийн тоо цөөрөх) өвчтөнд мөн хэрэглэж болно.
Хэрэв та хүнд хэлбэрийн халдвартай, эсвэл хэд хэдэн төрлийн бактериар үүсгэгдсэн халдвартай бол Ципро-Денк 750 бэлдмэл дээр бусад антибиотик эмчилгээг нэмж хэрэглэнэ.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
Ципро-Денк 750 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд дараах бактерийн шалтгаант халдварын үед нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Хүүхдийн уушги, гуурсан хоолойн халдвар ба өсвөр насныхны уйланхайт хатуурал (фиброз)
- Хүндэрсэн шээс ялгаруулах замын халдвар (пиелонефритыг оролцуулаад)
- Боомын эмгэг төрүүлэгчийн ингаляцийн дараах эмчилгээ
Хэрэв эмчлэгч эмч шаардлагатай гэж үзвэл Ципро-Денк 750 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныхны бусад өвөрмөц хүнд хэлбэрийн халдварын үед хэрэглэнэ.
- Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Ципрофлоксацин, бэлдмэлийн найрлага дахь бусад бодис (6-р хэсэгт жагсаасан) болон фторхинолины булгийн бусад бэлдмэлд харшилтай хүмүүс
- Тизанидин хэрэглэж байгаа хүмүүс (2-р хэсэг болох “Эмийн харилцан үйлчлэл” хэсгээс харна уу)
Анхааруулга ба болгоомжлол
Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.
Дараах тохиолдолд Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ.
- Урьд нь бөөрний ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан бол таны эмчилгээг тохируулж болно.
- Эпилепси, тархины цус хомсрол ба цус харвалт зэрэг мэдрэлийн бусад эмгэг
- Ципро-Денк 750 зэрэг өмнөх антибиотик эмчилгээний үед шөрмөсний эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Булчин сульдал (myasthenia gravis) эмгэгтэй (булчин сулралын нэг хэлбэр) өвчтөн
- Зүрхний эмгэгтэй хүмүүс: Төрөлхийн QT интервал уртсах эмгэгтэй, эсвэл гэр бүлийн өгүүлэмжтэй (зүрхний цахилгаан бичлэгээр илэрсэн), цусан дахь давсны тэнцвэрийн алдагдал (ялангуяа цусан дахь магни, калийн хэмжээ бага байх), зүрхний хэт хэм удаашрах (брадикарди), зүрхний үйл ажиллагаа суларсан (зүрхний дутагдал), зүрхний өвчин хөдлөлийн өгүүлэмжтэй (зүрхний булчингийн шигдээс), эмэгтэй болон өндөр настай, эсвэл зүрхний цахилгаан бичлэгт эмгэг өөрчлөлт үзүүлдэг бусад бэлдмэлийг хэрэглэж байгаа хүмүүс (эмийн харилцан үйлчлэл хэсгийг үз)
- Таны гэр бүлийн нэг гишүүн глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай байх, учир нь ципроденк-750-ын улмаас цус багадалт үүсэх эрсдэлтэй
Зарим бэлгийн замын халдварын эмчилгээнд эмчлэгч эмч Ципро-Денк 750 бэлдмэл дээр нэмж өөр антибиотик хэрэглэхийг зөвлөж болно. Хэрэв эмчилгээ эхэлснээс хойш 3 хоногийн дараа шинж тэмдгийн сайжрал илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөөрэй.
Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэх үед
Хэрэв Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэж байх үед дараах тохиолдлын аль нэг нь илэрвэл нэн даруй эмчид мэдэгдээрэй. Эмчлэгч эмч уг бэлдмэлийн эмчилгээг зогсоох шаардлагатай эсэхийг шийднэ.
- Хүнд явцтай, гэнэтийн хэт мэдрэгшлийн урвал (анафилаксийн урвал/шок, судасны гаралтай хаван). Эхний тунг хэрэглэсний дараа ч хүнд явцтай харшлын урвал илрэх бага зэргийн эрсдэл байдаг бөгөөд энэ үед дараах шинж илэрч болно. үүнд: цээж давчдах, толгой эргэх, дотор муухайрах эсвэл ухаан алдах гэж байгаа мэдрэмж төрөх, босоход толгой эргэх. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, нэн даруй эмчид мэдэгдэнэ.
- Заримдаа үе өвдөх, хавдах болон шөрмөсний үрэвсэл (ялангуяа өндөр настан эсвэл кортикостеройд эмчилгээ хийлгэж байгаа бол) тохиолддог. Шөрмөс үрэвсэх ба тасрах шинж бэлдмэлийн эмчилгээг эхэлснээс хойш эхний 48 цагийн дотор болон эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараахүртэл хугацаанд илэрч болно. Өвдөлт ба үрэвслийн эхний шинж тэмдэг илрэхэд Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, биеийн өвдөлттэй хэсгийг амраана. Шаардлагагүй үед ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх бөгөөд дасгал хөдөлгөөннь шөрмөс тасрах эрсдлийг ихэсгэдэг.
- Эпилепсийн уналт ба эпилепсийн статус (ухаан балартах эсвэл сэтгэл хөөрлийн байдал удаан үргэлжлэх) илэрч болох ба энэ нь ялангуяа тархины цус хомсрол ба цус харвалт зэрэг мэдрэлийн бусад эмгэгтэй эсвэл эпилепситэй хүмүүст ажиглагдана. Хэрэв дээрх байдал илэрвэл Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба нэн даруй эмчид хандана.
- Ципро-Денк 750 бэлдмэлийн эхний тунг хэрэглэсний дараа сэтгэцийн урвал илэрч болзошгүй. Хэрэв та сэтгэл гутрал эсвэл солиоролтой бол Ципро-Денк 750 бэлдмэлийн эмчилгээний үед уг эмгэгийн шинж тэмдгүүд улам дордож болзошгүй. Ховор тохиолдолд сэтгэл гутрал ба солиорол нь амиа хорлох бодол төрүүлэх, амиа хорлох оролдлого хийх болон амиа хорлоход хүргэдэг. Ийм байдал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, нэн даруй эмчид мэдэгдэнэ.
- Өвдөх, хорсох, хатгах, байнга толгой эргэх мэдрэмж төрөх, бие сулрах зэрэг мэдрэлийн гэмтлийн шинжүүд илэрдэг. Ийм байдал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, яаралтай эмчид мэдэгдэнэ.
- Антибиотик эмчилгээний (Ципро-Денк 750-г оролцуулаад) үед эсвэл эмчилгээг дууссанаас хойш хэдэн долоо хоногийн дараа суулгалт илэрч болно. Хэрэв суулгалт нь хүнд, ужиг явцтай эсвэл өтгөнд цус, салс ажиглагдвал энэ нь амь насанд аюултай байж болох тул Ципро-Денк 750 бэлдмэлийн эмчилгээг нэн даруй зогсооно. Гэдэсний хөдөлгөөнийг зогсоодог болон удаашруулдаг ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй ба эмчтэйгээ зөвлөнө.
- Хэрэв цус ба шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй болвол Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэж байгаагаа эмч болон лабораторийн ажилтанд хэлээрэй.
- Хэрэв бөөрний эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ хэлж бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй.
- Ципро-Денк 750 бэлдмэл элэг гэмтээж болно. Хэрэв танд дараах шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоож эмчтэйгээ зөвлөөрэй. Үүнд: хоолны дуршил багасах, шарлах (арьс шар өнгөтэй болох), шээс бараан болох, загатнах ба ходоод цэрийх шинж хамаарна.
- Ципро-Денк 750 бэлдмэл цусны цагаан эсийн тоог цөөрүүлэх бөгөөд бие махбодийн халдвар тэсвэрлэх чанарыг бууруулж болдог. Хэрэв халуурах, биеийн ерөнхий байдал ноцтой муудах эсвэл халуурах шинж нь хэсэг газрын шинжтэй (хоолой, амны халдвар болон ус уух үед өвдөх) хамт илэрвэл нэн даруй эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Цусны шинжилгээнд цусны цагаан эсийн тоо цөөрч (мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох) болно. Хэрэглэж байгаа бүх эмийнхээ талаар эмчдээ хэлэх нь чухал.
- Та болон танай гэр бүлийн гишүүний хэн нэг нь глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай бол эмчид мэдэгдэх ба эмч Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэж байгаатай холбоотойгоор илрэх цус багадалтын эрсдлийг нарийн хянах шаардлагатай.
- Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэх үед таны арьс нарны гэрэл болон хэт ягаан туяанд хэтмэдрэг болж болно. Иймээс наран шарлагын ор зэрэг зохиомол хэт ягаан туяаны гэрэл болон нарны хурц гэрэлд ил гарахаас зайлсхийх хэрэгтэй.
Эмийн харилцан үйлчлэл
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглээд удаагүй болон хэрэглэж байгаа, хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.
Ципро-Денк 750 бэлдмэлийг тизанидинтэй хамт хэрэглэхгүй. Учир нь цусны даралт багасах, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй (2-р хэсэг болох “Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ” хэсгээс үз).
Дараах бэлдмэлүүд бие махбодид Ципро-Денк 750 бэлдмэлтэй харилцан үйлчилдэг нь тогтоогдсон. Хэрэв Ципро-Денк 750 бэлдмэлийг эдгээр бэлдмэлтэй хамт хэрэглэвэл эдгээр бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөж болно. Үүсэх гаж нөлөөний магадлал мөн ихэсч болзошгүй.
Хэрэв та дараах бэлдмэлийн аль нэгийг хэрэглэж байгаа бол эмчид мэдэгдээрэй.
- К витамины антагонист (варфарин гэх мэт) ба бусад ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл (цус шингэрүүлэх)
- Пробенецид (тулай өвчний үед хэрэглэдэг)
- Метотрексат (зарим төрлийн хавдар, хайрст үлд, хэрлэг төст үений үрэвсэл)
- Теофиллин (амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг эм)
- Тизанидин (тархмал хатуурлын үед араг ясны булчинг сулруулах эм)
- Оланзапин (солиорлын эсрэг бэлдмэл)
- Клозапин (солиорлын эсрэг бэлдмэл)
- Ропинирол (Паркинсоны өвчний үед хэрэглэдэг эм)
- Фенитоин (эпилепси өвчний үед хэрэглэдэг эм)
- Метоклопрамид (дотор муухайрах, бөөлжих үед хэрэглэдэг эм)
- Циклоспорин (арьсны өвчин, хэрлэг төст үений үрэвсэл, эрхтэн шилжүүлэн суулгах үед хэрэглэдэг эм)
- Глибенкламид (чихрийн шижинд хэрэглэдэг эм)
- Зүрхний хэмнэлийг өөрчилдөг бусад бэлдмэл: зүрхний хэмнэл алдагдлын эсрэг бэлдмэл (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон, соталол, дофетилид, ибутилид), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг бэлдмэл, зарим бактерийн эсрэг бэлдмэл (макролидын бүлэг), зарим солиорлын эсрэг бэлдмэл.
Ципро-Денк 750 нь дараах бэлдмэлийн цусан дахь концентрацийг ихэсгэнэ.
- Пентоксифиллин (цусны эргэлтийн алдагдлын үед хэрэглэдэг эм)
- Кофеин
- Дулоксетин (сэтгэл унал, чихрийн шижингийн шалтгаант мэдрэлийн гэмтэл буюу шээс задгайрах үед хэрэглэдэг)
- Лидокайн (зүрхний эмгэг ба хэсгийг мэдээгүйжүүлэхэд хэрэглэдэг эм)
- Силденафил (эр бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагааны алдагдалд хэрэглэдэг бэлдмэл)
Зарим бэлдмэл Ципро-Денк 750 бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг бууруулдаг. Хэрэв та дараах бэлдмэлээс хэрэглэх гэж байгаа болон хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.
- Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл (ходоодны хүчил ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг эм)
- Омепразол
- Эрдсийн нэмэлт бэлдмэл
- Сукральфат
- Полимери фосфатын холбогч (севеламер гэх мэт)
- Кальци, магни, хөнгөн цагаан, төмөр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба эмийн бэлдмэл
Хэрэв эдгээр бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эдгээр бэлдмэлийг хэрэглэхээс хамгийн багадаа 2 цагийн өмнө болон 4 цагийн дараа Ципро-Денк 750-г хэрэглэнэ.
Ципро-Денк 750 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хэрэглэх:
Ципро-Денк 750 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хамт болон хоол хүнсний зүйлээс хамаарахгүйгээр хэрэглэж болно. Үйлчлэгч бодисын шимэгдэлтэд зөвхөн кальци агуулсан хоол хүнс бага зэрэг нөлөөлдөг. Хэдий тийм боловч Ципро-Денк 750 бэлдмэлийг сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн, эрдсээр баяжуулсан ундаатай (кальциар баяжуулсан жүржийн жүүс гэх мэт) хамт хэрэглэж болохгүй.
Ципро-Денк 750 бэлдмэлийн эмчилгээний үед шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн ба хөхүүл, эсвэл жирэмсэн болсон гэж бодож байгаа буюу жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Жирэмсэн үед Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.
Ципрофлоксацин хөхний сүүгээр ялгарах бөгөөд хүүхдэд хортой нөлөө үзүүлж болох тул хэрэв та хөхүүл бол Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Ципро-Денк 750 бага зэрэг нөлөөлж болно. Зарим гаж нөлөө нь мэдрэлийн системийн зүгээс илэрдэг. Тиймээс жолоо барих болон машин механизмтай ажиллахын өмнө Ципро-Денк 750 бэлдмэл танд ямар нөлөө үзүүлэхийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал эмчээс асуугаарай.
- Ципро-Денк 750 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг үргэлж эмч болон эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.
Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмч ба эм зүйчтэйгээ хамт шалгаарай.
Эмч таньд Ципро-Денк 750 бэлдмэлийг ямар тунгаар, хэдэн удаа, хэр удаан хугацаагаар хэрэглэхийг тодорхой тайлбарлаж хэлж өгнө. Энэ нь халдварын төрөл болон явцаас хамаарна.
Зөвлөж буй тун:
Дараах хүснэгтэнд насанд хүрэгсдэд хэрэглэх тунг харуулав.
Бусад бүх батлагдсан хэрэглэх заалтаар хэрэглэх болон хүүхдэд зориулсан (нарийн мэргэжлийн эмчийн зөвлөснөөр) эмчилгээний тун, давтамж, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.
Хэрэглэх заалт | Хоногийн тун | Эмчилгээний үргэлжлэх хугацаа |
Амьсгалын зам, чих болон хамрын дайвар хөндийн халдвар | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | 7-14 хоног |
Гадна чихний үрэвсэл | 750 мг тунгаар өдөрт 2 удаа | 28 хоногоос 3 сар хүртэл |
Хүндрээгүй давсагны үрэвсэл | 250 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 500 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | 3 хоног |
Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүд 500 мг тунгаар 1 удаа хэрэглэж болно | ||
Хүндэрсэн давсагны үрэвсэл, хүндрээгүй пиелонефрит | 500 мг тунгаар өдөрт 2 удаа | 7 хоног |
Хүндэрсэн пиелонефрит | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | Хамгийн багадаа 10 хоногоос 21 хоногоос дээш хоног хүртэл |
Түрүү булчирхайн үрэвсэл | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | Цочмог үед 2-4 долоо хоног Архаг үед 4-6 долоо хоног |
Гонококкын шалтгаант шээлэйн (уретрит) ба умайн хүзүүний үрэвсэл (цервицит) | 500 мг тунгаар 1 удаа | 1 өдөр (1 удаагийн тун) |
Эпидидимо-орхит ба аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | Хамгийн багадаа 14 хоног |
Хоол боловсруулах замын халдвар | 500 мг тунгаар өдөрт 2 удаа | Эмгэг төрүүлэгчээс хамаарч 1-7 хоног |
Хэвлийн доторх халдвар | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа хүртэл | 5-14 хоног |
Арьс ба зөөлөн эдийн халдвар | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа | 7-14 хоног |
Яс ба үений халдвар | 500 мг тунгаар өдөрт 2 удаа эсвэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа | 3 сар хүртэл хугацаагаар хэрэглэнэ |
Neisseria meningitides-ээр үүсгэгдсэн инвазив халдвараас урьдчилан сэргийлэх | 500 мг тунгаар 1 удаа | 1 хоног (1 удаагийн тун) |
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ хэлж бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй.
Эмчилгээг ихэвчлэн 5-21 хоног үргэлжлүүлэх боловч хүнд явцтай халдварын үед хугацааг уртасгаж болно.
Ципро-Денк 750 бэлдмэлийг үргэлж эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ. Хэрэв яаж хэрэглэх талаар ойлгомжгүй зүйл байвал эмч ба эм зүйчтэйгээ хамт шалгаарай.
Нимгэн бүрхүүлтэй шахмалыг бүтнээр нь (зажлахгүй) хангалттай усаар даруулж ууна. Нимгэн бүрхүүлтэй шахмал тааламжгүй амттай тул зажлах хэрэггүй.
Шахмалыг бүтнээр залгихад хүндрэлтэй байгаа үед л зөвхөн хэрчлээсээр нь тэнцүү хэсэгт хувааж болно.
Хаана ч байсан гэсэн боломжтой бол Ципро-Денк 750 бэлдмэлийг өдөр бүрийн ижил цагт уухыг хичээх хэрэгтэй.
Ципро-Денк 750 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хамт болон хоол хүнснээс хамааралгүй хэрэглэж болно. Үйлчлэгч бодисын шимэгдэлтэд зөвхөн кальци агуулсан хоол хүнс бага зэрэг нөлөөлдөг. Хэдий тийм боловч Ципро-Денк 750 бэлдмэлийг сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн, эрдсээр баяжуулсан ундаатай (кальциар баяжуулсан жүржийн жүүс гэх мэт) хамт хэрэглэж болохгүй.
Ципро-Денк 750 бэлдмэлийн эмчилгээний үед шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Хэрэв зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн тусламж авна. Хэрэв боломжтой бол нимгэн бүрхүүлтэй шахмалаа юмуу эсвэл савыг нь авч эмчдээ харуулаарай.
Хэрэв Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Аль болох түргэн ердийн тунгаар хэрэглэх ба цаашид эмчийн зөвлөсний дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ. Хэрэв дараагийн тунг хэрэглэх цаг бараг болчихсон байвал мартаж өнгөрөөсөн тунг хэрэглэхгүй бөгөөд эмчилгээг цаашид ердийнөөр үргэлжлүүлнэ. Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй. Ээлж эмчилгээг зайлшгүй бүрэн дуусгана.
Ципро-Денк 750-ын эмчилгээг зогсоох:
Хэдэн өдрийн дараа таны биеийн байдал сайжирсан ч гэсэн ээлж эмчилгээг бүрэн дуусгах нь маш чухал. Хэрэв бэлдмэлийг хэтэрхий эрт зогсоовол таны халдвар бүрэн эмчлэгдэхгүй бөгөөд халдварын шинж тэмдэг дахих ба биеийн ерөнхий байдал улам дордож болзошгүй. Мөн энэхүү бэлдмэлд тэсвэртэй болж болно.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт тулгарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс асуугаарай.
- Илэрч болох гаж нөлөө
Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.
Олонтаа илрэх:
(100 өвчтөнд 1-10 тохиолдох)
- Дотор муухайрах, суулгах
- Хүүхдэд үе өвдөх
Хааяа илрэх:
(1000 өвчтөнд 1-10 тохиолдох)
- Мөөгөнцрийн давтан халдвар
- Зарим төрлийн цусны цагаан эсийн (эозинофиль, мөхлөгт цагаан эс) концентраци ихсэх
- Хоолны дуршил буурах (анорекси)
- Тайван бус хэт цочромтгой болох
- Толгой өвдөх, толгой эргэх, нойрны болон амтлах мэдрэхүйн эмгэг өөрчлөлт
- Бөөлжих, ходоод өвдөх, ходоод хямрах зэрэг хоол боловсруулах замын эмгэг (цатгалан мэдрэмж төрөх/цээж хорсох)
- Цусан дахь зарим бодисын хэмжээ ихсэх (трансаминазууд, шүлтлэг фосфатаза ба билирубин)
- Тууралт гарах, загатнах, бэлцрүүт тууралт
- Насанд хүрэгсдэд үеэр өвдөх
- Булчин ба яс өвдөх (мөч, нуруу ба цээжээр өвдөх гэх мэт), ерөнхийдөө таагүй мэдрэмж (ядарч сульдах) үүсэх, халуурах
- Бөөрний үйл ажиллагаа алдагдах
Ховор илрэх:
(10000 өвчтөнд 1-10 тохиолдох)
- Антибиотикийн нөлөөгөөр бүдүүн гэдэсний салст үрэвсэх (бүдүүн гэдэсний үрэвсэл), маш ховор тохиолдолд нас баралтаар төгсдөг (2-р хэсэг буюу “Анхааруулга ба болгоомжлол” хэсгээс үз)
- Цусны үзүүлэлт өөрчлөгдөх (цагаан эсийн тоо цөөрөх ба олшрох, нейтрофиль эсийн тоо цөөрөх, цус багадалт үүсэх), цус бүлэгнэлтийн зарим хүчин зүйл (тромбоцит ба протромбин) ихсэх ба багасах
- Харшлын урвал, хаван үүсэх (хаван), арьс ба салст бүрхүүл түргэн хугацаанд хавагнах (судасны гаралтай хаван)
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх (гипергликеми)
- Ухаан балартах, орон зайн баримжаа алдагдах, сэтгэл түгших, хар дарах, сэтгэл гутрах (амиа хорлох талаар бодох, оролдлого хийх, амиа хорлоход хүргэхүйц), хий үзэгдэл.
- Бадайрах, мэдрэхүйг цочроосноор гаж мэдрэхүй үүсгэх, арьсны мэдрэхүй буурах, салганах, эпилепсийн уналт (эпилепсийн статусыг оролцуулаад (ухаан балартах болон сэтгэл хөөрлийн байдал удаан үргэлжлэх)), толгой эргэх (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгийг үз)
- Нүдний хараа өөрчлөгдөх (үүнд юм хоёр харагдах)
- Чих хангинах (чих шуугих), дүлийрэх ба сонсгол буурах
- Зүрхний цохилт түргэсэх (тахикарди)
- Цусны судас өргөсөх (судас тэлэх), цусны даралт буурах ба муужрах
- Амьсгаадах (гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгийг оролцуулаад)
- Элэгний үйл ажиллагаа алдагдах, шарлах (цөс хуримтлагдах), элэг үрэвсэх
- Гэрэлд мэдрэгших (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгийг үз)
- Булчин өвдөх, үе үрэвсэх, булчингийн хүчдэл ба агшилт ихсэх
- Бөөрний үйл ажиллагааны дутагдал, шээсэнд цус ба талст илрэх (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгийг үз), бөөр, шээс ялгаруулах зам үрэвсэх
- Биед шингэх хуримтлагдах, хэт хөлрөх
- Амилаза ферментийн түвшин ихсэх
Маш ховор илрэх:
(10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох)
- Зарим улаан эсийн тоо цөөрөх (цус задралын цус багадалт), цусны цагаан эсийн тоо ноцтой багасах (мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох), зарим улаан эс, цагаан эс, тромбоцитын тоо амь насанд аюултай хэмжээгээр багасах (цусны бүх эсийн тоо цөөрөх), ясны чөмөгний үйл ажиллагаа багасаж амь насанд аюул учруулж болно (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
- Хүнд хэлбэрийн харшлын урвал (нас баралтанд хүргэх анафилаксийн урвал ба анафилаксийн шок - ийлдсийн өвчин) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
- Сэтгэцийн эмгэг өөрчлөлт (амиа хорлох талаар бодох, оролдлого хийх, амиа хорлоход хүргэхүйц солиорлын урвал илрэх) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
- Мигрень, зохицуулга алдагдах, гуйвж алхах (алхалт өөрчлөгдөх), үнэрлэх мэдрэхүй алдагдах (үнэрлэхүйн эмгэг өөрчлөлт), мэдрэхүйн цочруулыг мэдрэх чадвар эмгэгээр ихсэх, гавлын дотоод даралт ихсэх (тархины даралт)
- Өнгөт хараа өөрчлөгдөх
- Цусны судасны үрэвсэл (васкулит)
- Нойр булчирхайн үрэвсэл (панкреатит)
- Элэгний эс үхжих (элэгний некроз), маш ховор тохиолдолд амь насанд аюултай элэгний дутагдалд хүргэх
- Арьсны жижиг, цэгчилсэн цус харвалт, арьсны янз бүрийн өөрчлөлт ба тууралтын хэлбэр (Стивенс-Джонсоны хамшинж, зарим тохиолдолд үхэлд хүргэх эпидермийн хордлогот үхжил гэх мэт)
- Булчин сулрах, шөрмөс үрэвсэх, шөрмөс тасрах - ялангуяа шагайн ар талд байрлах том шөрмөс (Ахиллийн шөрмөс) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз), булчин сульдлын шинж тэмдэг дордох (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
Давтамж нь тодорхойгүй:
(Өгөгдсөн мэдээллээс тодорхойлох боломжгүй)
- Өвдөх, хорсох, хатгах, толгой эргэх, мөчдүүд сулрах зэрэг мэдрэлийн системийн эмгэг (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
- Зүрхний хэмнэл түргэсэх, амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх, зүрхний хэмнэл өөрчлөгдөх (зүрхний цахилгаан идэвхжил, зүрхний цахилгаан бичлэгт QT интервал уртсах) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз)
- Идээт тууралт гарах
- Цусны бүлэгнэлт өөрчлөгдөх (К витамины антагонист хэрэглэсэн өвчтөнд)
Гаж нөлөөг мэдээлэх нь:
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч ба эм зүйчид хэлээрэй. Үүнд энэхүү эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн илрэх боломжтой гаж нөлөө орно. Гаж нөлөөг мэдээлснээр та энэхүү бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
- Ципро-Денк 750 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
30°С-с доош хэмд хадгална.
Цаасан хайрцаг болон блистер дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.
Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын ус болон гэрийн хог хаягдалд хаяж болохгүй. Та цаашид хэрэглэхгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Фармакологийн шинж:
Эмийн эмчилгээний бүлэг:
Фторхинолины бүлэг, АТХ- код: J01МА02
Үйлдлийн механизм:
Фторхинолины бүлгийн антибиотикийн адилаар ципрофлоксацин нь топоизомераза II (ДНХ-гираза) болон топоизомераза IV ферментийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Эдгээр хоёр фермент нь бактерийн ДНХ-ийн репликаци, транскрипци, рекомбинаци болон засварлалт нөхөн төлжилтөнд шаардлагатай байдаг.
Бактерийн эсрэг үйлчлэх хүрээ:
Олдмол тэсвэржилтийн тархалт нь зарим зүйлийн хувьд газарзүйн болон цаг хугацааны байдалтай холбоотойгоор янз бүр байж болно. Бус нутгийн тэсвэржилтийн хэв маягийн талаарх мэдлэг маш чухал байдаг (ялангуяа хүнд явцтай халдварын эмчилгээнд).
Хэрэв бүс нутгийн тэсвэржилтийн байдлын улмаас ципрофлоксацины хэрэглээ хамгийн багадаа халдварын зарим хэлбэрт эргэлзээтэй байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Нийтлэг мэдрэг зүйл:
- Bacillus anthracis ба Staphylococcus saprophyticus зэрэг грам эерэг агаартан бичил биетэн
- Enterobacter aerogenes, Enterobacter cloaceae, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Neisseria meningitides, Proteus vulgaris, Salmonella enterica (үүнд S.typhi/parathyphi), Serratia marcescens, Shigella ssp зэрэг грам сөрөг агаартан бичил биетэн.
- Chlamydia trachomatis, Chlamydophila pneumoniae, Legionella pneumophila, Mycoplasma hominis, Mycoplasma pneumoniae зэрэг бусад бичил биетэн.
Бэлдмэлийг хэрэглэх үед асуудал үүсгэж болох олдмол тэсвэржилт бүхий зүйл. Үүнд: Enterococcus faecalis, Staphylococcus aureus-ийн зарим дэд зүйл, зарим грам сөрөг агаартан бичил биетэн.
Байгалийн тэсвэржилтэй зүйл: Enterococcus faecium, Stenotrophomas maltophilia, Bacteroides ssp, Clostridium difficile, Treponema pallidum ба Ureaplasma urealyticum.
Фармакокинетик:
Шимэгдэлт:
Ципрофлоксациныг 250мг, 500мг болон 750мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа голдуу нарийн гэдсэнд түргэн эрчимтэй шимэгдэх бөгөөд хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа түүний цусны сийвэн дэх концентраци дээд хэмжээндээ хүрдэг.
Ципрофлоксациныг 100-750мг тунгаар хэрэглэхэд тун хамааралт сийвэнгийн дээд концентраци (Cmax) нь 0.56 ба 3.7 мг/л-ын хооронд байдаг. Бэлдмэлийг 1000мг хүртэл тунгаар хэрэглэхэд түүний сийвэнгийн концентраци нь тунгаас хамааралтайгаар нэмэгддэг.
Туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 70-80% байна. Зураглалд концентрацийн муруйн доод талбайд (AUC) хүрэх хугацаа нь бэлдмэлийг 500мг тунгаар 12 цагийн зайтай ууж хэрэглэх ба 400мг тунгаар 12 цагийн зайтай 60 минутын турш судсанд тарьж хэрэглэсэнтэй адил байдаг нь ажиглагдсан.
Тархалт:
Ципрофлоксацины уурагтай холбогдолт нь бага (20-30%) байдаг. Ципрофлоксацин цусны сийвэнд үндсэндээ ионжоогүй хэлбэрээр илэрсэн ба тогтвортой байдал дахь тархалтын эзлэхүүн нь 2-3 л/кг байдаг.
Ципрофлоксацин нь биеийн тодорхой шингэнд болон уушгины эдтэй төстэй эдэд (хучуур эдийн шингэн, цулцангийн макрофаг, эдийн дээж), хамрын ойролцоох дайвар хөндий, үрэвссэн шарх (цэврүүний шингэн) болон шээс бэлгийн зам (шээс, түрүү булчирхай, эндометр) зэрэгт дээд концентрациар хүрдэг бөгөөд нийт концентраци нь сийвэнгийн концентрациас илүү хэмжээтэй байдаг.
Метаболизм:
Дезетилен ципрофлоксацин (М1), сульфоципрофлоксацин (М2), оксоципрофлоксацин (М3) болон формилципрофлоксацин (М4) зэрэг 4 төрлийн метаболит бага хэмжээгээр тодорхойлогдсон байдаг.
In vitro орчинд метаболитууд нь бактерийн эсрэг нөлөө үзүүлдэг боловч эх бодисоо бодвол сул байдаг.
Ципрофлоксацин нь СҮР 450 1А2 изоферментийг дунд зэрэг саатуулдаг нь тогтоогдсон.
Ялгаралт:
Ципрофлоксацин өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр их хэмжээгээр, бага хэмжээгээр өтгөнтэй хамт тус тус ялгардаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 4-7 цаг байдаг.
Ципро-Денк 750 бэлдмэлийн найрлага:
Үйлчлэгч бодис нь ципрофлоксацин.
Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд 750мг ципрофлоксацинтай тэнцүү 833мг ципрофлоксацины гидрохлорид (6.7% хүртэл янз бүрийн хэмжээтэй ус агуулсан, тооцоолж гаргасан усгүй хэлбэр) агуулагдана.
Бусад найрлага: цардуул натрийн гликолят, бага орлуулагч бүхий гидроксипропил целлюлоза, магнийн стеарат (Ph.Eur) [хүнсний ногоо], гипромеллоза, макрогол 400, тальк, титанийн хоёрч исэл (E 171).
Худалдаанд гаргах ерөнхий ангилал:
Жороор олгодог эмийн бэлдмэл.
Ципро-Денк 750 бэлдмэлийн дүрслэл ба савлалт:
2 талдаа хэрчлээстэй, 1 талдаа “Cipro 750” гэсэн хэвтэй, цагаан өнгийн, урт гонзгой хэлбэртэй нимгэн бүрхүүлтэй шахмал.
Савлалт: 10 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал.
Vers.5952-09.2013





































































































































































































































































































