
Хэрэглэх заавар
Панто-Денк 20 (Panto - Denk 20)
Ходоодонд тэсвэртэй ууж хэрэглэдэг шахмал.
Протоны шахуургыг дарангуйлагч
Үйлчлэгч бодис: пантопразол
Эм хэрэглэх заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө танд хэрэгтэй чухал мэдээлэл бүхий уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмзүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно.
Уг эм хэрэглэх зааварт:
- Панто-Денк 20 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Панто-Денк 20 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
- Панто-Денк 20 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Панто-Денк 20 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
- Панто-Денк 20 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Панто-Денк 20 пантопрозол гэх идэвхтэй үйлчлэгч бодис агуулдаг. Панто-Денк 20 нь “протоны шахуургыг сонгомлоор дарангуйлагч” ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл.
Панто-Денк 20 бэлдмэлийг насанд хүрэгчид болон 12 болон түүнээс дээш насны өсвөр үеийнхэнд дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- Хөнгөн явцтай сөөргөөт эмгэг (ходоодны хүчил улаан хоолой уруу эргэж орсны улмаас үүсэх улаан хоолойн өвчин) ба цээж хорсох, гулгих, залгихад хүндрэлтэй болох шинж бүхий эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн удаан хугацааны эмчилгээ ба уг эмгэгийн дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Панто-Денк 20 бэлдмэлийг насанд хүрэгсэд дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- Өвдөлт намдаах эмийн (Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл, ибупрофен г.м) удаан хугацааны эмчилгээний үед ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Панто-Денк 20 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Пантопразол,шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (харшил) хүмүүс
- Үйлчлэгч бодис атазанавир (ДОХ-ын вирусийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс.
Болгоомжлол ба анхааруулга
Панто-Денк 20 хэрэглэхийн өмнө өөрийн эмч эсвэл эм зүйчдээ хандана уу.
- хэрэв танд хүнд явцтай элэгний эмгэгтэй бол. Өмнө та элэгний эмгэгтэй бол өөрийн эмчдээ мэдэгдэнэ үү. Панто-Денк 20 бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэх бол элэгний ферментээ илүү тогтмол хянана уу. Элэгний фермент өссөн тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлагатай.
- хэрэв та Панто-Денк 20 мг болон ҮЭСББ гэх эмийн бэлдмэлүүд удаан хугацаанд хэрэглэхэд ходоод гэдэсний зовиур үүсэх эрсдэл ихэсдэг. Аливаа эрсдэлийг таны нас (65 нас ба түүнээс дээш), ходоод арван хуруу гэдэсний шархлаа, эсвэл ходоод гэдэсний цус алдалт зэрэг таны өөрийн эрсдэлт хүчин зүйлийн дагуу үнэлнэ.
- хэрэв танд аминдэм В12 буурах болон нөөц буурах эрсдэлтэй бөгөөд удаан хугацаанд пантопрозол эмчилгээг удаан хугацаанд эмчлэгдэж байгаа бол. Бусад хүчил бууруулах эмийн нэгэн адил пантопрозол нь аминдэм В12-ийн шимэгдэлтийг бууруулдаг.
- хэрэв та ХДХВ-ийн протеаз дарангуйлагч, тухайлбал атазанавиртай (ХДХВ-ийн халдвар эмчлэх эм) пантопрозол ууж байгаа бол эмчээсээ тодорхой зөвлөгөө авна уу.
- Панто-Денк 20 төст протоны шахуургыг дарангуйлагч эмийг ялангуяa жилээс дээш удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд гуя, бугуй, нурууны яс хугарах эрсдэл бага зэрэг нэмэгдэнэ. Хэрэв та ясны сийрэгжилтэй болон кортикостероид эмчилгээ хийлгэж (ясны сийрэгжилтийг ихэсгэнэ) байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
- Панто-Денк 20 бэлдмэлийг 3 сараас удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол цусан дахь магнийн төвшин унаж болно.Магнийн хэмжээ багассанаар ядарч туйлдах, өөрийн мэдэлгүй булчин агчих, ухаан балартах, агчил, толгой эргэх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж илэрнэ. Хэрэв танд эдгээр шинжийн аль нэг нь илэрвэл эмчлэгч эмчдээ шууд мэдэгдэнэ. Магнийн хэмжээ багасах нь цусан дахь кали болон кальцийн хэмжээг багасгахад хүргэж болно. Эмчлэгч эмч цусны шинжилгээ тогтмол хийн цусан дахь магнийн хэмжээг хянана.
- хэрэв та Панто-Денк 20мг бэлдмэлтэй төстэй ходоодны хүчиллэг бууруулдаг бэлдмээр эмчилгээний дараа арьсан дээр тууралт гарч байсан бол. Ялангуяа нарны гэрэл туссан арьсны хэсэгт тууралт гарвал эмчилгээг нэн даруй зогсоож эмчдээ яаралтай мэдэгдэнэ.
- мөн үе мөчөөр өвдсөн мэт өвдөлт илэрч болохыг анхаарна уу.
- хэрэв та өвөрмөц цусны шинжилгээ өгөхөөр төлөвлөж байгаа бол (Хромогранин А)
Хэрэв та өөр илүү ноцтой өвчний шинж тэмдгүүд байж болох дараах шинж тэмдгүүдийн аль нэг илэрсэн бол эмийг хэрэглэхээс өмнө эсвэл дараа нь эмчдээ яаралтай мэдэгдэнэ үү. Үүнд:
- жин тодорхойгүй алдах
- бөөлжих, ялангуяа давтагдвал
- цусаар бөөлжих, энэ нь таны бөөлжсөнд хар кофены шаар мэт харагдаж болно.
- таны өтгөнд цус илэрч хар эсвэл шавар өнгөтэй мэт харагдаж болно.
- залгихад хүндрэлтэй эсвэл залгихад өвдөлт мэдрэх
- сул дорой цонхийж харагдах (цус багадалт)
- цээжээр өвдөх
- ходоодны өвдөлт
- цочмог эсвэл архаг гүйлгэлт, учир нь энэ эм халдварт гүйлгэлтийг бага зэрэг нэмэгдүүлдэг
Пантопрозол нь хорт хавдрын шинж тэмдгийг бүдгэрүүлэн оношлоход хүндрэл учруулах тул таны эмч зарим шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж шийдэж болно. Хэрэв эмчилгээ хийлгэсэн ч шинж тэмдгүүд үргэлжилбэл нэмэлт шинжилгээ хийж болно.
Панто-Денк 20 бэлдмэлийг 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа хүмүүс. Энэ тохиолдолд эмч өвчтөний биеийн байдлыг хянаж шалгана. Ямар нэгэн шинэ шинж тэмдэг болон ер бусын байдал илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
Хүүхэд ба өсвөр үе
Панто-Денк 20 бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 12-оос доош насны хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэсэн туршлага байдаггүй.
Эмийн харилцан үйлчлэл:
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа (жоргүй олгодог эмүүд ч хамаарна) бол эмчлэгч эмч, эмзүйчдээ мэдэгдээрэй.
Дараах эмийн бэлдмэлийн аль нэгнийг хэрэглэж байгаа тохиолдолд эмчдээ мэдэгдэнэ.
- Мөөгөнцрийн халдварын эсрэг эм (кетоконазол, итраконазол), цусан дахь концентрац нь ходоодны хүчлийн шүүрлээс хамаардаг бусад бэлдмэл
- Цус шингэлэх эм (фенпрокумон, варфарин зэрэг кумарины уламжлалын бэлдмэл). Энэ тохиолдолд эмчлэгч эмч цусны бүлэгнэлтийг хянана.
- Азатанавир зэрэг ХДХВ-ын халдвар эмчлэх эм.
- Метотрексат (хэрэх өвчин, псориаз ба хавдрын эмчилгээнд хэрэглэнэ). Пантопрозол нь метотрексатын цусан дах төвшин ихэсгэж болох тул та метотрексат хэрэглэж буй үед Панто-Денк 20 эмчилгээг зогсоож болно.
- Флувоксамин (сэтгэл гутрал ба бусад сэтгэцийн эмгэг эмчлэх эм) Флувоксамин хэрэглэж байгаа бол таны эмч тунг бууруулж болно.
- Рифампицин (халдварын эмчилгээнд хэрэглэнэ)
- Алтан Цэгцүүхэй (Hypericum perforatum) (дунд зэргийн сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэнэ)
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн эхэд хийсэн эмнэлзүйн судалгаа бараг байдаггүй. Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй.
Хэрэв та жирэмсэн эсвэл эсвэл хөхүүл, жирэмсэн гэж бодсон эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол уг эм хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.
Иймээс жирэмсэн ба хөхүүл эхэд Панто-Денк 20 бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлчлэл нь нярай хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л хэрэглэж болно.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах Панто-Денк 20 бэлдмэл жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй. Гэхдээ толгой эргэх, хараа бүрэлзэх зэрэг гаж нөлөө жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно.
Панто-Денк 20 малтитол агуулдаг
Бэлдмэл малтитол агуулдаг учир хэрэв танд ямар нэгэн төрлийн сахар зохидоггүй бол Панто-Денк 20-ыг хэрэглэхээсээ өмнө эмчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.
Панто-Денк 20 натри агуулдаг
Уг бэлдмэлийн нэг шахмалд 1 ммоль-оос бага хэмжээний (23 мг) натрий агуулагдах тул “натри агуулаагүй” гэж тооцдог.
- Панто-Денк 20 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эмзүйчээс асууна.
Хэрэглэх арга
Шахмалыг бүтнээр нь зажлахгүй, бутлахгүй аяга усаар даруулж залгиж ууна.
Зөвлөх тун
Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд
Хөнгөн явцтай сөөргөөт эмгэг ба цээж хорсох, гулгих, залгихад хүндрэлтэй болох шинж бүхий эмгэгийн эмчилгээнд:
Хоногт 1 шахмал (20мг пантопразол) хэрэглэнэ. Өвчний шинж ерөнхийдөө 2-4 долоо хоногийн дотор сайжрах ба улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтэд 4 долоо хоногийн эмчилгээ шаардагдана. Хэрэв энэ нь хангалтгүй байвал нэмэлт 4 долоо хоногийн эмчилгээний хугацаанд эдгэрнэ.
Хэрэв өвчний шинж дахиж илэрвэл үүнийг хянах ба эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдсөний дараа хоногт 1 шахмал (20мг пантопразол) хэрэглэнэ. Үүнийг хэрэгцээт эмчилгээ гэнэ. Хэрэв өвчний шинж хангалттай арилахгүй байвал эмчлэгч эмч барих эмчилгээнд шилжүүлэхийг анхаарч үзнэ.
Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн удаан хугацааны эмчилгээ ба түүний дахилтаас сэргийлэх:
Удаан хугацааны эмчилгээнд насанд хүрэгчдэд хоногт 1 шахмал хэрэглэнэ. Хэрэв улаан хоолойн сөөргөөт үрэвсэл дахивал эмч тунг 2 дахин нэмэгдүүлж хоногт хоногт 40мг пантопразол хэрэглэнэ. Энэ тохиолдолд Панто-Денк 40мг-ыг хэрэглэнэ. Дахилт эдгэрэхэд тунг хоногт 1 шахмал 20мг пантопразол болгон бууруулна.
Насанд хүрэгчид:
Сонгомол бус, үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийнийн удаан хугацааны эмчилгээний үед ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсэхээс сэргийлэх:
Дунджаар хоногт 1 шахмал хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:
Хэрэв та элэгний эмгэгтэй бол хоногт 20 мг шахмалаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Хүүхэд ба өсвөр насныхан
12-оос доош насны хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
Панто-Денк 20 бэлдмэлийг илүү хэрэглэсэн бол
Эмч ба эм зүйчдээ мэдэгдэнэ. Тун хэтрэлтийн шинж тэмдгүүд тодорхойгүй.
Панто-Денк 20 бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөх зорилгоор бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Эм хэрэглэх дараагийн хугацаа болсон үед эмчилгээг эмчийн бичсэний дагуу үргэлжлүүлнэ.
Панто-Денк 20-ын эмчилгээг зогсоох:
Эмчилгээг эмчлэгч эмчдээ мэдэгдэлгүй зогсоож болохгүй.
дуусахаас өмнө зогсоохыг хүсвэл Хэрэв танд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.
- Илэрч болох гаж нөлөө
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь бүх хүмүүст тохиолдохгүй.
Дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл Панто-Денк 20бэлдмэлийн эмчилгээг шууд зогсоож өөрийн эмчээс яаралтай зөвлөгөө авах буюу ойролцоох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандана.
Ноцтой харшлын урвалууд (1000 хүнд 1 хүртэл)
Нүүр, хэл, хоолой хавагнах, залгихад хүндрэлтэй болох, тууралт гарах, шархлах, цэврүү үүсэх зэрэг арьсны урвал, амьсгал давчдах, хөлрөх ба зүрхний цохилт олшрох шинж бүхий толгой хүчтэй эргэх.
Арьсны ноцтой өөрчлөлтүүд (Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй)
Бэлцрүү, арьс салст бүрхүүл хавагнах(судасны хаван), цэврүү бүхий арьс ба салст бүрхүүлийн хүнд явцтай урвал (Стивенс Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал), Лайеллын хам шинж (арьсны түлэгдэх хам шинж), гэрэлд мэдрэгших.
Бусад ноцтой өөрчлөлтүүд (Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй)
Арьс шарлах эсвэл нүд цагаарах (хүнд явцтай элэгний эсийн гэмтэл, шарлалт) эсвэл халуурах, тууралт, шээхэд өвдөлттэй бөөр заримдаа томрох, бөөрний дутагдалд хүргэж болзошгүй бүсэлхий нуруугаар өвдөх (бөөрний хүнд үрэвсэл).
Илэрч болох бусад гаж нөлөө
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Ходоодны хоргүй ургацаг
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Толгой өвдөх, хэвлийн дээд хэсэгт эвгүйрхэх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх, толгой эргэх, ам хатах дотор муухайрах, бөөлжих, арьсны тууралт, загатнах, ядрах, ядрах эсвэл тамирдах, нойргүйдэх, бугуй, түнхний толгой ба нурууны хугарал
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Амт үнэр бүрэн мэдрэхгүй болох, нүд бүрэлзэх зэрэг хараа өөрчлөгдөх, үе өвдөх, Булчингийн өвдөлт, гар ба хөлний үзүүр хэсгээр хавагнах (зах хязгаарын хаван), биеийн хэм ихсэх, сэтгэл уналт, харшлын урвал, эрчүүдийн хөх томрох
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Орон зайн баримжаа алдах
Маш ховор тохиолдолд шар буурцагны лецитин нь харшлын урвал үүсгэж болно.
Тодорхойгүй (Байгаа мэдээллээс тооцох боломжгүй)
Хий юм үзэгдэх, ухаан балартах(ялангуяа эрсдэл бүлгийн өвчтөнд), цусан дахь натрийн хэмжээ ихсэх, магнийн хэмжээ буурах (2-аар бүлгийг үзнэ үү), хорсох, хатгах, зүүгээр хатгах мэдрэмж төрөх, халуу оргих эсвэл мэдээ алдах, үе мөчөөр өвдөлттэй байж болох тууралт, усархаг үргэлжилсэн гүйлгэлтэнд хүргэх бүдүүн гэдэсний үрэвсэл.
Цусны шинжилгээнд илрэх гаж нөлөө
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Элэгний ферментууд өндөрсөх
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Билирубин ихсэх, цусан дах өөх тосны төвшин ихсэх, өндөр халууралттай хамаарал бүхий цусны мөхлөгт цагаан эсийн тоо огцом унах.
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Тромбоцитын тоо багасаж хэвийн үеэс илүү цус алдах, хөхрөх эрсдэл ихсэх, усны цагаан эс цөөрснөөс халдварын давтамж нэмэгдэх, цусны улаан, цагаан эс болон ялтсан эсийн тоо зэрэг хэвийн бус буурах.
Гаж нөлөөг мэдээлэх нь
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч ба эм зүйчид хэлээрэй. Үүнд энэхүү эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй боловч илрэх боломжтой гаж нөлөө орно. Гаж нөлөөг мэдээлснээр та энэхүү бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
- Панто-Денк 20 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
- Цаасан хайрцаг болон блистер дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.
- Хүчинтэй хугацаа: 3 жил
- 30°С-с доош хэмд хадгална.
- Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын усанд хаяж болохгүй. Та цаашид хэрэглэхгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Фармакодинамик
Эмийн эмчилгээний бүлэг: Протоны шахуургыг дарангуйлагч, АТХ код: A02ВС02
Пантопразол нь халагдсан бензимидазол бөгөөд париеталь эсийн протоны шахуургад өвөрмөцөөр нөлөөлснөөр ходоодны хүчлийн нийлэгжилтийг дарангуйлдаг.
Пантопразол нь париеталь эсийн хүчиллэг хэсэгт идэвхтэй хэлбэрт шилжин Н+/К+-АТФаза ферментийг хориглосноор ходоодны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шат саатна. Бэлдмэлийн үйлчлэл нь тунгаас хамаарах бөгөөд суурь болон өдөөгдсөн ходоодны хүчлийн шүүрлийн аль алиныг багасгана. Ихэнх өвчтөнд эмгэг шинж 2 долоо хоногийн дотор багасна.
Протоны шахуургыг дарангуйлагч бусад эм болон гистамины Н2-рецепторыг хориглогч бэлдмэлийн адилаар пантопразолын эмчилгээний үр дүнд ходоодны хүчил багасах баходоодны хүчлийн бууралттай харьцуулахад гастрины хэмжээ ихэсдэг. Гастрины хэмжээ эргэж хэвийн болно. Пантопразол рецепторын дисталь төвшинд ферменттэй холбогддог учир бусад бодисын (ацетилхолин, гистамин, гастрин) идэвхжүүлэлтээс хамааралгүйгээр ходоодны хүчлийн шүүрэлд нөлөөлнө. Эмийн бэлдмэлийг уух болон судсанд тарьж хэрэглэхээс хамаарахгүйгээр үйлчлэл нь адил байна.
Пантопразолын эмчилгээний үед өлөн үеийн гастрины хэмжээ ихэсдэг. Богино хугацааны эмчилгээний үед энэ нь дээд хэмжээнээс хэтэрдэггүй ба харин удаан хугацааны эмчилгээний үед ихэнх тохиолдолд 2 дахин нэмэгдэнэ. Зөвхөн ганц нэг тохиолдолд л их хэмжээгээр ихэсдэг. Үүний дүнд ходоодны дотоод шүүрлийн өвөрмөц эс бага болон дунд зэрэг ихсэх нь удаан хугацааны эмчилгээний үед цөөн тоотой ажиглагдана. Гэхдээ орчин үеийн судалгаанаас үзэхэд хүнд хэлбэрийн хавдрын эх үүсвэр болон ходоодны хавдар үүсэхгүй байж болно.
Амьтанд хийсэн судалгаанаас үзэхэд 1 жилээс удаан хугацаагаар үргэлжлэх эмчилгээний үед пантопразол нь бамбай булчирхай ба элэгний ферментийн үзүүлэлтэнд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй.
Фармакокинетик
Пантопразол түргэн шимэгдэнэ. Бэлдмэлийг 20 мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа идэвхтэй бодисын хэмжээ бүрэн хэмжээндээ хүрнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 2.0-2,5 цагийн дараа хүний цусан дахь концентрац дээд хэмжээндээ (1-1.5 µг/мл) хүрдэг бөгөөд энэ нь олон удаа хэрэглэх үед ч тогтмол байдаг.
Бэлдмэлийг 1 удаа болон олон дахин давтан хэрэглэсний дараах фармакокинетикийн шинж нь ялгаагүй байдаг. Пантопразолыг 10-80мг тунгийн хүрээнд ууж болон судсанд тарьж хэрэглэхэд түүний кинетик шугаман шинжтэй байна.
Шахмалын туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 77%. Хоол хүнсний зүйл болон ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед бэлдмэлийн зураглалд концентрацын муруйн доод талбай, цусан дахь дээд концентрац, биохүрэхүй өөрчлөгддөггүй. Гэвч хоолтой хамт хэрэглэхэд үед шимэгдэлтийн хугацаа нь удааширна.
Пантопразол сийвэнгийн уурагтай 98% холбогдоно.
Тархалтын эзлэхүүн нь дунджаар 0,15л/кг.
Пантопрозол зөвхөн элгэнд хувирдаг. Хувиралд орох үндсэн зам бол сульфатын дараалсан коньюгацтай CYP2C19 демилжилт, өөр хувирлын зам бол CYP3А4-өөр исэлдэлт юм.
Төгсгөлийн хагас ялгарлын хугацаа 1 цаг ба клиренс нь ойролцоогоор 0,1л /цаг/кг. Цөөн тохиолдолд бэлдмэлийн ялгаралт удаан байх нь ажиглагддаг. Пантопразол нь париеталь эсийн дотор өвөрмөцөөр идэвхэждэг учир хагас ялгарлын хугацаа нь удаан хугацааны үйлчлэлтэй (ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлах) холбоогүй байдаг.
.
Метаболитын ихэнх нь (80%) бөөрөөр дамжин шээстэй ялгарч, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилдаг. Цус болон шээсэн дэх үндсэн метаболит нь сульфаттай коньюгацид ордог десметилпантопразол юм.
Үндсэн метаболитын хагас ялгарлын хугацаа нь (1.5 цаг) пантопразолоос бага зэрэг удаан байна.
Панто-Денк 20 бэлдмэлийн найрлага:
- Үндсэн үйлчлэгч бодис: пантопразол. Ходоодны хүчилд тэсвэртэй 1 шахмалд 20мг пантопразол, 22,6мг пантопразолын натрийн сесквигидраттай дүйцэхүйц.
- Бусад туслах бодис:
малтитол, кросповидон, натрийн кармеллоза, натрийн карбонат, кальцийн стеарат, поливинил алкаголь, тальк, титанийн хоёрч исэл, макрогол 3350, шар буурцагны лецитин, төмрийн шар исэл, метакрилын хүчил-этил акрилат кополимер (1:1), триэтил цитрат.
Худалдаанд гаргах ерөнхий ангилал
Жороор олгодог эмийн бэлдмэл.
.
Панто-Денк 20 бэлдмэлийн дүрслэл ба савлалт:
Панто–Денк 20 шар өнгөтэй, зууван хэлбэртэй, ходоодонд тэсвэртэй шахмал.
Панто–Денк 20 хөнгөн цагаан/хөнгөн цагаан блистерт савлагдсан.
Савлалтын хэмжээ: ходоодонд тэсвэртэй 28 ширхэг шахмалаар савлана.
Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч
ДENK Pharma GmbH & Co.KG
Prinzregentenstr.79,
81675 München,
Germany
Бөөний үйлдвэрлэгч, савлагч, багцаар ханган нийлүүлэгч Advance Pharma GmbH
Wallenroder Str. 8-14,
13435 Berlin,
Germany
Зааврыг шинэчилсэн огноо 2020 оны 2 сар
Vers: 6568/002