Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Эффект-сип лимон
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Фенирамин + Фенилэфрин
Үйлдвэрлэгч
Rusan Pharma Ltd.,
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
325мг+20мг+10мг-50мг
Эмийн хэлбэр
уусмалын нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

                                                                                                   Эмийн хэрэглээний заавар

 

ЭФФЕКТ -СИП (Жүрж,), EPHACT-SIP (Lemon)

Бүртгэлийн дугаар: F20120507NO03002

 

Худалдааны нэр: ЭФФЕКТ –СИП (EPHACT-SIP)

Олон улсын нэр:

  • Парацетамол + фенилэфрин + фенирамин + аскорбины хүчил

 

Эмийн хэлбэр:

  • Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг ( Жүрж ).

 

Найрлага:

  • Идэвхитэй найрлага:
    • Парацетамол ВР 325мг,
    • Фенилэфрин гидрохлорид ВР 10мг,
    • Фенирамин малеат ВР 20мг,
    • Аскорбины хүчил ВР 50мг,

  • Туслах бодис: Кальцийн фосфат, Нимбэгний хүчил, Малтодекстрин, Натрийн цитратын дигидрат, Сукроз, Титанийн диоксид, Этилмалтол, Малийн хүчил.
  • Жүржийн нунтаг: Жүржийн нунтаг, Ургах наран шар өнгө оруулагч, Хинолины шар өнгө оруулагч.

 

Ерөнхий шинж:

  • Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан ЭФФЕКТ -Сип (Жүрж):
    • Жүржийн өвөрмөц үнэртэй цайвар шар өнгийн талстат нунтаг.
    • Бэлтгэсэн уусмал: Жүржийн үнэртэй шаргал өнгийн тунгалаг бус шингэн.

Эмийн эмчилгээний бүлэг:

Ханиад болон амьсгалын замын цочмог өвчний шинж тэмдэгийг арилгахад зориулсан эмийн бүлэг (наркозын бус өвдөлт намдаах эм + альфа-адреномиметик + Н1-гистамины рецепторыг хориглогч + витамин).

 

 

АТС код: NO2BE51

 

Эм судлалын үйлдэл:

Нийлмэл найрлагатай бэлдмэл юм.

  • Парацетамол нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлдэлтэй.
  • Фенилэфрин нь судас нарийсгах үйлдэлтэй тул хамрын салстын болон хамар-залгиур хийгээд дайвар хөндийн хаванг арилгаж нусыг багасган хамар хоолойн амьсгалыг хөнгөвчилдөг.
  • Фенирамин нь харшилын эсрэг болон хаваншилын эсрэг үйлдэлтэй тул судасны ханын нэвтэршилийг бууруулан хамрын нус болон нулимсыг багасгаж найтаахаас сэргийлдэг.
  • Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах үйл ажиллагаа, нүүрс усны солилцоо, цус бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилт болон стероид гормоны нийлэгжилтэнд оролцон бие мах бодын халдвар тэсвэрлэх чадварыг сайжруулан судасны нэвчимтгийн чанарыг бууруулан витамин В1, В2, А, Е, фолийн хүчил болон пантотенийн хүчлийн хэрэгцээг багасгадаг. Мөн тэрээр парацетамолын тэсвэржилтийг сайжруулан үйлдлийг нь уртасгадаг.

 

Хэрэглэх заалт:

  • Өндөр халуурах, чичрэх, хамар нусгайрах, хамар битүүрэх болон толгой өвдөх шинж тэмдэг бүхий ханиад шуухинаа, цочмог ринит, ринофарингит, синусит хамар орчимын дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Өвдөлтийн хам шинж (хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтүүд): Үе мөч өвдөх, булчин болон мэдрэлийн өвдөлт, толгой таллаж өвдөх, шүд өвдөх, толгой өвдөх, гэмтэлийн өвдөлт, мөн түүнчлэн сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед тус тус хэрэглэнэ.

 

Хориглох заалт:

Парацетамол болон бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилт, Эффект-Сип бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодисыг агуулсан бусад эм хэрэглэж байгаа, гурван цагирагт антидепрессант, моноаминооксидаза (МАО)-г хориглогч эм, бета-адреноблокаторууд хэрэглэж буй өвчтөн болон хаалган венийн даралт ихэссэн, архаг архичин, чихрийн шижинтэй өвчтөн болон жирэмсэн, хөхүүл эх, 12-оос бага насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

Болгоомжтой хэрэглэх нь: Зүрхний титэмийн артерийн илэрхий хатууралтай, артерийн даралт ихэссэн, глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутмагшилтай, цусны эмгэгүүд, төрөлхийнй гипербилирубинеми (Жилберийн хам шинж, Дубин-Жонсоны хам шинж болон Роторын хам шинж), элэг болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай, нүдний хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхай томорсон, гипертиреоз, феохромацитома болон гуурсан хоолойн багтраатай өвчтөнд тус тус болгоомжтой хэрэглэнэ.

 

 

Хэрэглэх арга ба тун:

Боодлыг задлан бэлдмэлийг шилэн аяганд хийгээд халуун ус нэмэн эм бүрэн уустал зайлаад ууна.

Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд: нэг боодлоор өдөрт 3-4 удаа буюу 6 цагийн зайтайгаар ууна (өдөрт 4 боодлоос ихгүйгээр).

5 хоногийн дотор шинж тэмдэг арилахгүй бол эмчийн зөвлөгөө аваарай.

 

Гаж нөлөө:

Эмчилгээний тунгаар хэрэглэхэд уг эм дийлэнхдээ зохимж сайтай. Гэхдээ харшилын урвал илрэх (загатнах, туурах, чонон хөрвөс, Квинкийн хаван), ам хатах, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчимоор өвдөх, сэтгэц-хөдөлгөөний хурд удаашрах, цочромтгой болох, толгой эргэх, зүрхний цохилт олшрох, нойр өөрчлөгдөх, шээс хоригдох, хүүхэн хараа өргөсөх, зохирол алдагдах болон нүдний даралт ихсэх зэрэг гаж нөлөөд илэрч болзошгүй. Бэлдмэлийн найрлаганд парацетамол агуулагдах тул хааяа цус төлжилт өөрчлөгдөж болзошгүй (тромбоцитопени, лейкопени, агранулоцитоз, цус задралт анеми, апластик анеми). Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл элэг болон бөөрний үйл ажиллагаа алдагдахад хүргэж болзошгүй (элэг хордуулах нөлөө, бөөрний папилляр эдийг үхжүүлэн бөөр хордуулах нөлөө).

 

Тун хэтрэлт:

Үндсэндээ парацетамолын тун хэтрэх магадлалтай.

  • Илэрч болзошгүй шинж тэмдгүүд: арьс цайх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор өвдөх ба хүнд хэлбэрээр тохиолдвол элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсэх, элэгний эс үхжих, элэгний трансаминазагийн идэвхижил өндөрсөх, протромбины хугацаа уртсах, тархины эмгэгшил болон комын байдалд орж болзошгүй. Элэгний гэмтэлийн эмнэл зүйн илрэл нь 1-6 хоногийн дараа тодордог. Ховор тохиолдолд маш богино хугацаанд элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсч болох ба энэ нь бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай (сувганцарын үхжилт) хавсарч болох юм.
  • Эмчилгээ: Ходоодыг угаагаад идэвхижүүлсэн нүүрс уулгана. Шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. SH-бүлгийн донор хэрэглэх ба глутатионы нийлэгжилтийн урьдал метионинийг тун хэтрэлтээс 8-9 цагийн дараа хэрэглэх ба 12 цагийн дараа N-ацетилцистейнийг хэрэглэнэ.

 

Эмийн харилцан нөлөөлөл:

  • Энэхүү бэлдмэл нь МАО-г хориглогчид, тайвшруулах эмийн болон архинй нөлөөг ихэсгэнэ. Антидепрессантууд, паркинсоны эсрэг эмүүд, солиорлын эсрэг эмүүд болон фенотиазины уламжлалын бэлдмэлүүд нь шээс хоригдох, ам хатах болон өтгөн хатах эрсдэлийг ихэсгэнэ.
  • Глюкокортикостероидууд нь нүдний дотоод даралт ихсэх эрсдэлийг ихэсгэдэг.
  • Парацетамол нь шээсний хүчил гадагшлуулах эмүүдийн үйлдлийг бууруулан, шууд бус антикоагулянтуудын нөлөөг ихэсгэнэ.
  • Фенираминыг дангаар нь МАО-г хориглогчид болон фуразолидонтой хамт хэрэглэвэл цусны даралт ихсэлтийн кризд хүргэх, цочромтгой болох болон гиперпирексид хүргэж болзошгүй.
  • Гурван цагирагт антидепрессантууд нь симпатомиметик эмийн үйлдлийг хүчжүүлэх ба халотантай хамт хэрэглэвэл зүрхний ховдолын хэм алдалт үүсэх эрсдэлийг ихэсгэдэг.
  • Энэхүү бэлдмэл нь гуанетидиний артерийн даралт бууруулах нөлөөг багасгах ба энэ нь фенилэфриний альфа-адреномиметик үйлдэлтэй холбоотой.
  • Эффект-Сип -г барбитуратууд, дифенин, карбамазепин, рифаипицин болон элэгний микросомын ферментийг идэвхижүүлэгчидтэй хамт хэрэглэвэл парацетамолын элэг хордуулах нөлөөг ихэсгэдэг.

 

Тусгай анхааруулга:

  • Элэг хордуулах нөлөөнөөс зайлсхийхийн тулд уг бэлдмэлийг хэрэглэх үедээ архи хэрэглэж болохгүй,
  • Халуун намдахгүй үргэлжилсээр байх буюу Эффект-Сип -г хэрэглэж байх үед дахин өндөр халуурвал эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.

 

Жолоо барих болон осолтой техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь:

Эффект-Сип -г хэрэглэж буй өвчтөн жолоо барих зэрэг анхаарал болон сэтгэц-хөдөлгөөний хурд шаардагдах үйлдлийг гүйцэтгэхээс зайлсхийх хэрэгтэй.

Савлалт:

  • Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг (Жүрж, Үхрийн нүд).
  • 21.5гр нунтаг нь хөнгөнцагаан фольга болон ламинардсан цаасаар хийсэн боодолд савлагдана.
  • Картон хайрцагт 10 боодлоор хэрэглэх зааврын хамт савлагдана.

 

Хадгалах нөхцөл:

  • 25°С-ээс дээшгүй хэмд хуурай нөхцөлд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа:

  • 3 жил. Савлалтанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

  • Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч:

Rusan Pharma Ltd.

PlotNo. 59-65, Sector II, K.S.E.Z.,Gandhidham, Kutch-370230.H.O.: 58-D, Govt. Indl. Estate, Charkop,

Kandivali (West), Mumbai-400 067. India.

 

Албан ёсны борлуулагч компани:

Барагшун фарм ХХК . Улаанбаатар хот .

Утас: 94946583, 94946553, 94498004