
Хэрэглэх заавар
Тайлол®Хот (Tylol®Нot)
1 удаа хэрэглэхэд зориулагдсан жижиг уут бүхий нунтаг
Найрлага:
Жижиг уут бүрд: үйлчлэгч бодис: парацетамол 500мг, хлорфенирамины малеат 4мг, псевдоэфедрины гидрохлорид60мг.
Туслах бодис: нимэгний хүчил (усгүй) 395мг, дарсны хүчил 775мг, натрийн бикарбонат (усгүй) 45мг, PVP К 30-30мг, цэвэршүүлсэн сахар 17530,9975мг, натрийн бензоат 10мг, хинолин шар CI №47005 – 0,05мг, нимбэгний амт ба үнэр оруулагч 200мг тус тус агуулагдана.
Эмийн хэлбэр: парацетамол 500мг, хлорфенирамины малеат 4мг, псевдоэфедрины гидрохлорид60мг агуулсан жижиг уутыг 12 ширхгээр гаргана.
Фармакологийн үйлдэл:
Фармакодинамик:
Эмнэлзүйн практикт парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй нь тогтоогдсон. Парацетамол нь өвдөлтийг мэдрэх заагийг өндөрсгөж өвдөлт намдаах үйлдэл үзүүлэх бөгөөд гипоталамусын дулаан зохицуулгын төвд нөлөөлж халуун бууруулах үйлдэл үзүүлнэ.Мөн бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
Хлорфенирамины малеат нь гистамины Н1рецепторыг хориглогч бөгөөд нус гоожих, хамрын битүүрэх, нүд хэт мэдрэгших буюу улайх шинжийг арилгана.
Псевдоэфедрины гидрохлорид нь симпатомиметик амин бөгөөд амьсгалын дээд замд судас нарийсгах хүчтэй үйлдэл үзүүлнэ.
Фармакокинетик:
Парацетамолыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн бүрэн шимэгдэх бөгөөд шимэгдэлт ихэвчлэн нарийн гэдсэнд явагдана. Түүний цусны сийвэн дэх концентраци 10-60 минутын дараа дээд хэмжээндээ хүрдэг.
Парацетамол бие махбодын ихэнх эдэд (өөхөн эд, тархи нугасны шингэнээс бусад) жигд түргэн тархана.
Сийвэнгийн уурагтай 10%-с бага холбогдох бөгөөд тун хэтэрсэн үед энэ нь бага зэрэг ихсэнэ. Сульфатын болон глюкуронидын метаболит нь (харьцангуй өндөр концентрациараа ч) сийвэнгийн уурагтай холбогдохгүй.
Хагас ялгарлын хугацаа нь 1.25-3 цаг.
Элгэнд системийн микросомын ферментийн тусламжтайгаар глюкуронид ба сульфаттай коньюгацийн замаар, цитохром Р450 ба элэгний холимог оксидазын оролцоотойгоор исэлдэх замаар тус тус химийн хувиралд орно. Сөрөг үйлдэл бүхий гидроксилжсон метаболит N-ацетил-р-бензохинонимин нь холимог оксидазын нөлөөгөөр маш бага хэмжээгээр элэг болон бөөрөнд үүсэх бөгөөд глютатионтой холбогдох замаар хоргүйжих ба парацетамолын хордлогын үед хуримтлагдан эдийн гэмтэл үүсгэж болно. Парацетамолын ууж хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 85% нь 24 цагийн турш чөлөөт болон холбоот хэлбэрээр бөөрөөр шээстэй ялгарна. Бөөрний клиренс нь ойролцоогоор 5%.
Хлорфенирамины малеат нь хоол боловсруулах замаар аажим бүрэн шимэгдэнэ. Ууж хэрэглэх үед түүний цусны сийвэн дэх концентраци 2.5-6 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Биохүрэхүй нь 25-50%. Бэлдмэлийн шимэгдсэн хэсгийн ихэнх нь (70%) цусны сийвэнгийн уурагтай холбогдоно.
Хлорфенирамины малеат нь биеийн ихэнх эдэд (ТМС-ийг оролцуулаад) өргөн тархана. Хагас ялгарлын хугацаа нь 2-43 цаг. Үйлдлийн үргэлжлэх хугацаа нь 4-6 цаг. Бэлдмэлийн ихэнх хэсэг нь метаболизмд орно. Бие махбодоос өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр үндсэндээ бөөрөөр, бага хэмжээний бодис өтгөнтэй гадагшилна.
Псевдоэфедрин нь хоол боловсруулах замаар шимэгдэнэ. Тэрээр моноаминоксидазын үйлчлэлд тэсвэртэй.
Бие махбодоос өөрчлөгдөөгүй хэлбэрээр (бага хэмжээгээр метаболит хэлбэрээр) шээстэй ялгарна.
Хэрэглэх арга, тун:
Тайлол®Хот бэлдмэлийг дараах байдлаар ууж хэрэглэнэ.
Жижиг уутанд агуулагдаж буй бэлдмэлийг 160мл (стандарт аяганы хэмжээ) халуун усанд уусгаад шууд ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг 6 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногийн дээд тун нь 4 жижиг уут бэлдмэл.
Эмийн харилцан үйлчлэл:
Эмчилгээний тунгаар хэрэглэж буй үеийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй.
Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдэл хүчжинэ.
Парацетамолыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл кумарин (цусан дахь протромбины хэмжээ бага зэрэг багасах), инандион болон фенотиазины уламжлалын бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэл ажиглагдаж болно.
Согтууруулах ундаа, барбитурат, таталдааны эсрэг эм, рифампицин, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг нь парацетамолын элэг хордуулах үйлдлийг нь хүчжүүлнэ.
Парацетамолыг метоклопрамидтай хамт хэрэглэж байгаа үед парацетамолын шимэгдэлт ихсэж болно.
Пробенецидтэй зэрэг хэрэглэж байгаа үед парацетамолын ялгаралт болон цусан дахь концентраци нь өөрчлөгдөж болно.
Парацетамолыг хэрэглэсний дараа холестираминыг цагаас бага хугацааны зайтай хэрэглэвэл парацетамолын шимэгдэлт багасна.
Псевдоэфедрины гидрохлоридыг судас нарийсгагч бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, хоолны дуршил багасгах эм, амфетамин төст сэтгэц сэргээгч бэлдмэл, МАО ферментийг саатуулагч бэлдмэл зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэвэл ховор тохиолдолд артерийн даралт ихсэж болно.
Псевдоэфедрины гидрохлорид нь альфа адренорецепторыг хориглогч, метилдопа, бета адренорецепторыг хориглогч, гуанетидин зэрэг даралт бууруулагч эмийн үйлдлийг сулруулна.
Хэрэглэх заалт:
Тайлол®Хот бэлдмэлийг ханиад шуухинаа, томуу болон амьсгалын дээд замын бусад халдварт эмгэгийн дараах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бие сульдах, биеийн хэм ихсэх, толгой өвдөх, хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтайлгах, өвдөлтийн ерөнхий байдлын үед тус тус хэрэглэнэ.
Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрх, бөөр, элэгний өвчтэй хүмүүс, чихрийн шижин, бронхын багтраа, нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүс, гипертиреоз зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэхээс өмнө өвчтөнд түүнийг МАО ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй талаар мэдээлнэ. Харин тэдгээрийг хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 2 долоо хоногийн зайтай хэрэглэнэ.
Анхааруулга ба болгоомжлол!
Элэг, бөөр, зүрх, уушгины өвчтэй хүмүүс, цус багадалттай өвчтөн бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Тайлол®Хот бэлдмэлийг өвдөлт намдаах зорилгоор хүүхдэд 5, насанд хүрэгсдэд 10 өдрөөс олон хоног хэрэглэж болохгүй ба 3 өдрөөс дээш үргэлжилж байгаа 39,5°С-аас дээш дахилтат халууралтын үед бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй.
Псевдоэфедрин нь судас нарийсгах үйлдэлтэй учир артерийн даралт хэвийн хүмүүсд бага зэрэг нөлөөлөх ба харин артерийн даралт их хүмүүст эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэх үед бие сулрах шинж илэрч болох тул автомашин жолоодох болон машин механизмтай ажиллах үедээ болгоомжлох шаардлагатай.
Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед согтууруулах ундаа хэрэглэх нь зохимжгүй. Учир нь анхаарал төвлөрүүлэлт суларч болно.
Даралт бууруулах эм, сэтгэл уналын эсрэг эм хэрэглэж байгаа өвчтөн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
12 хүртэл насны хүүхэд Тайлол®Хот бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
Парацетамол нь ихсийн хоригийг нэвтэрнэ. Харин одоог хүртэл урагт (хүнд) сөрөг нөлөөтэй нь тогтоогдоогүй байна.
Парацетамол нь хөхний сүүтэй ялгарах ба эхийн хэрэглэсэн тунгийн 0,04-0,23% нь хөхний сүүнд агуулагдана.
Амьтанд хийсэн туршилтаар парацетамол нь үр хөврөл, урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй ба мутаци үүсгэдэггүй нь тогтоогдсон.
Гаж нөлөө:
Тайлол®Хот бэлдмэл ерөнхийдөө зохимж сайн. Парацетамолыг эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа үед хортой нөлөө үзүүлдэггүй. Ховор тохиолдолд хоол боловсруулах замын хямрал, тууралт, загатнаа, чонон хөрвөс зэрэг харшлын шинж, өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед элэг хордуулах, лейкоцитын тоо цөөрөх, тромбоцитын тоо цөөрөх, бүх эсийн тоо цөөрөх зэрэг шинж илэрнэ. Маш ховор тохиолдолд нейтрофилийн тоо цөөрөх, тромбоцитопенийн пурпур, агранулоцитоз илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
Псевдоэфедриний гаж нөлөө маш ховор. ТМС-д үйлчилсний дүнд нойр өөрчлөгдөж болно. Маш ховор тохиолдолд хий үзэгдэл илэрч болно. Түүнчлэн чонон хөрвөс, түрүү булчирхайн томролыг дагалдаж шээс хаагдах шинж илэрч болно.
Хлорфенирамины малеатын үйлдлийн үр дүнд сааталд орох, М-холинолитик урвал ажиглагдаж болно.
Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авна.
Тун хэтэрсний улмас илрэх нөлөө ба яаралтай авах арга хэмжээ:
Тун хэтэрсэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана. Парацетамолын тун хэтрэх үед зарим өвчтөнд элэг хордуулах нөлөө илэрдэг. Энэ нь бэлдмэлийн хэрэглэсэн хэмжээнээс хамаарна. 12-48 цагийн дараа цусан дахь элэгний ферментийн түвшин ихсэх, протромбины хугацаа уртсах шинж ажиглагдана. Гэвч эмнэл зүйн шинж бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-6 цагийн дараа тод илэрнэ..
Парацетамолыг нийт 10г хэрэглэсэн насанд хүрэгсдэд хордлогын шинж илэрнэ. Хүүхдэд 150мг/кг-с бага тунгаар хэрэглэсэн үед элэг хордуулахгүй. Элэг хордох үед дараах шинж эрт илэрнэ. Үүнд: дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, ядарч сульдах. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 48-72 цагийн дараа цусны шинжилгээний баталгаат үр дүн илэрнэ.
Бэлдмэлийн тун хэтэрсэн үед цусанд парацетамол тодорхойлох шинжилгээний үр дүнг хүлээлгүйгээр ацетилцистеиныг аль болох түргэн хэрэглэх шаардлагатай. Ходоод угаах ба бөөлжүүлэх зорилгоор ипекакуаны үндэсний ханд хэрэглэнэ. Цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг тун хэтэрснээс хойш 4 цагаас багагүй хугацаанд тодорхойлж ажиглана. Хэрэв цусны сийвэн дэх парацетамолын концентраци элэг хордуулах хэмжээнд байвал тун хэтэрснээс хойш доод тал нь 96 цагийн хугацаанд 24 цагийн зайтайгаар элэгний үйл ажиллагааны сорилыг хийх шаардлагатай.
Парацетамолын метаболизм өөр байдаг учир хүүхдэд хүнд явцтай хордлого болон нас баралт маш ховор тохиолдоно. Хүүхдэд үзүүлэх дээд үр нөлөөг таамаглахад хялбар байна.
Хэрэв 150мг/кг-с их тунгаар хэрэглэсэн үед тун хэтэрвэл бэлдмэлийг хэрэглэснээс хойш 4 цаг өнгөрсөн тохиолдолд цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг тодорхойлно. Ипекакуаны үндэсний ханд хэрэглэн бөөлжилт үүсгэж болно. Хэрэв цусан дахь парацетамолын концентраци тунгийн хэвийн хэмжээний хязгаараас илүү байвал ацетилцистеины эмчилгээг эхлэх шаардлагатай. Хэрэв парацетамолын концентрацийг тодорхойлох боломжгүй, нийт тун нь 150мг/кг-с их байвал ацетилцистеины эмчилгээг эхлэх шаардлагатай.
Хлорфенирамины хортой нөлөө тун хэтэрснээс хойш хэдэн цагийн дараа ажиглагдах ба гистамины эсрэг эм болон холинолитик эмийн хордлогыг эмчилдэгтэй адилаар эмчилнэ.
Псевдоэфедрины гидрохлоридын хордлогын үед бага зэргийн цочромтгой болох, зүрхний цохилт олшрох, бага зэргийн гипертензи зэрэг шинж илэрнэ. Шинж тэмдгүүд бэлдмэлийн тун хэтэрснээс хойш 4-8 цагийн дараа илэрдэг. Бүх шинж нь түр зуурын бөгөөд өвөрмөц эмчилгээ шаарддаггүй.
Хадгалалт:
25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.
Хадгалах хугацаа:
Хадгалалтын горимыг баримталвал 3 жил хадгална. Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам:
Эмчийн жороор олгоно. Эмчийн заавраар хэрэглэнэ.