
Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Мелбек форт® (Melbek fort®)
Худалдааны нэр:
Мелбек форт®
Олон улсын худалдааны бус нэр:
Мелоксикам
Эмийн хэлбэр:
15мг шахмал.
Найрлага:
1 шахмалд:
Үйлчлэгч бодис: 15мг мелоксикам
Туслах бодис: бичил талст целлюлоза РН 102, усгүй лактоз – 54,35мг, кросповидон, повидон (ПВП К30), натрийн цитрат, коллоид кремнийн хоёрч исэл (Аэросил 200), магнийн стеарат тус тус агуулагдана.
Дүрслэл:
Дугуй хэлбэртэй, цайвар шар өнгөтэй, нэг талдаа загалмай хэлбэрийн хэрчлээс бүхий шахмал.
Эмийн эмчилгээний бүлэг:
Яс булчингийн системийн эмчилгээнд зориулсан бэлдмэл. Үрэвслийн эсрэг эм ба хэрэхийн эсрэг эм. Стероид бус үрэвслийн эсрэг эм: Оксикамууд. Мелоксикам
АТХ код: М01АС06
Фармакокинетик:
Шимэгдэлт: Мелоксикам хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд туйлын биохүрэхүй нь 90%. Ууж хэрэглэх үед цусан дахь концентраци нь 5-6 цагийн хугацаанд дээд хэмжээндээ хүрдэг. Хоол хүнсний зүйл нь мелоксикамын шимэгдэлтэнд нөлөөлдөггүй.
Тархалт: Мелоксикамын 99% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог. Тэрээр синовиаль шингэнд нэвтэрнэ.
Биотрансформаци: Мелоксикам элгэнд метаболизмд ордог бөгөөд шээсэнд фармакологийн идэвхгүй метаболит илэрдэг.
Ялгаралт: Мелоксикамын хоногийн тунгийн 5%-с бага хэсэг нь өтгөнтэй ялгарах ба бөөрөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилдаг.
Мелоксикамын хагас ялгарлын хугацаа нь 20 цаг.
Сийвэнгийн клиренс нь 1 удаа хэрэглэсний дараа 8мл/мин байна.
Шугаман ба шугаман бус чанар: Мелоксикамыг ууж болон тарьж хэрэглэхэд фармакокинетик нь шугаман шинжтэй болох нь тогтоогдсон.
Тусгай бүлэг өвчтөний фармакокинетик:
Элэг болон бөөрний дутагдал нь бэлдмэлийн фармакокинетикт нөлөөлдөггүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ерөнхий клиренс нь их байна. Бөөрний дутагдалтай өвчтөний тархалтын эзлэхүүн нь ихсэх нь мелоксикамын цусны уурагтай холбогдохыг багасган концентрацийг нь ихэсгэж болох тул ийм өвчтөний хоногийн тун нь 7,5мг байна.
Өндөр настай өвчтөн
Өндөр настай болон залуу хүмүүсийн фармакокинетикийн үзүүлэлт нь адил байна.
Өндөр настай эмэгтэйчүүдийн AUC-ын үзүүлэлт нь өндөр байх бөгөөд хагас ялгарлын хугацаа нь эрэгтэй, эмэгтэй залуу хүмүүстэй харьцуулахад удаан байдаг байна. Настангуудын сийвэнгийн дундаж клиренс нь залуу хүмүүстэй харьцуулахад бага байдаг.
Фармакодинамик:
Мелоксикам нь оксикамын уламжлалын стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ.
Үйлдлийн механизм нь үрэвслийн медиатор простагландины нийлэгжилтийг дарангуйлсантай холбоотой.
Хэрэглэх заалт:
· Остеоартрозын хурцдалын богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээ (өвдөлтийг хөнгөвчилнө)
· Хэрэхийн гаралтай үений үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээ
· Хөдөлгөөн нь хязгаарлагдсан спондилоартритын шинж тэмдгийн эмчилгээ
Хэрэглэх арга, тун:
Хоногийн тун болох 15мг-р 1 удаа хооллох үед усаар даруулж ууж хэрэглэнэ.
Остеоартритийн үеийн өвдөлтийн хам шинж: хоногт 7,5мг тунгаар хэрэглэх бөгөөд шаардлагатай үед тунг 15мг/хоног хүртэл нэмэгдүүлж болно.
Хэрэхийн гаралтай үений үрэвсэл: хоногт 15мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно.
Хөдөлгөөн нь хязгаарлагдсан спондилоартрит: хоногт 15мг тунгаар хэрэглэнэ. Хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно. Хоногийн дээд тун 15мг.
Тусгай бүлэг өвчтөн:
Өндөр настай өвчтөн болон хоол боловсруулах замын эмгэгтэй өвчтөнд хэрэглэх хоногийн тун 7,5мг байна.
Бөөрний үйл ажиллагаа буурах үед тун багасахгүй. Гемодиализ-д ороогүй бөөрний хүнд явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Гемодиализ-д байгаа бөөрний дутагдлын төгсгөлийн шатанд байгаа өвчтөнд бэлдмэлийн тунг 7,5мг-с хэтрүүлж болохгүй.
Элэгний дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй.
Гаж нөлөө:
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: Цус багадалт
Ховор: цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх, лейкоцит болон тромбоцитын тоо цөөрөх,
Маш ховор: агранулоцитоз
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: түргэн хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал
Ховор: Анафилаксын урвал, анафилакс төст урвал
Сэтгэцийн өөрчлөлт:
Ховор: Сэтгэл санаа өөрчлөгдөх, шөнө хар дарах
Давтамж тодорхойгүй: ухаан балартах, баримжаа алдагдах
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
Олонтаа: толгой өвдөх
Хааяа: толгой эргэх, нойрмоглох
Харааны эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
Ховор: нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, хараа өөрчлөгдөх, ялангуяа нүд бүрэлзэх
Сонсгол ба тэнцвэрийн эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: толгой эргэх
Ховор: чих шуугих
Зүрх судасны системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: Артерийн даралт ихсэх, нүүр улайх
Ховор: зүрх дэлсэх
Маш ховор: зүрхний булчингийн шигдээс, зүрхний дутагдал
Цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт
Ховор: бронхын багтраа цочмогоор үүсэх
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
Байнга: дотор муухайрах, бөөлжих, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, суулгах
Хааяа: хоол боловсруулах замын цус алдалт, өтгөн хар өнгөтэй гарах, ходоодны үрэвсэл, хэхрэх
Ховор: ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл
Маш ховор: хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт хүнд явцтай болон нас баралтаар төгсөх байдлаар илрэх
Элэг цөсний замын зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд түр зуур өөрчлөгдөх
Маш ховор: элэгний үрэвсэл
Арьсны зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: судас мэдрэлийн хаван, загатнах, тууралт
Ховор: Стивенс-Джонсоны хам шинж, чонон хөрвөс.
Маш ховор: цэврүүт дерматит, олон хэлбэрийн улайрал
Давтамж тодорхойгүй: гэрэлд мэдрэгших
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт ба шээсний ялгарах үйл ажиллагааны эмгэг:
Хааяа: ус ба натри биед баригдах, цусан дахь калийн хэмжээ ихсэх, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх
Маш ховор: бөөрний цочмог дутагдал, шээхэд хүндрэлтэй болох, шээсний ялгаралт цочмогоор саатах.
Ерөнхий хямрал ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт
Хааяа: хаван, доод мөчдийн хаванг оруулаад
Нөхөн үржих системийн зүгээс илрэх өөрчлөлт
Эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөн эс гадагшлах явц саатах
Цээрлэлт:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
· Жирэмсэн болон хөхүүл үе
· 16 хүртэл насны хүүхэд ба өсвөр үеийнхэн
· Мелоксикам болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй бүтцийн хувьд төстэй бодист хэт мэдрэг хүмүүс
· Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэх үед гуурсан хоолойн багтрааны шинж, хамрын уйланхай, судас мэдрэлийн хаван, чонон хөрвөс илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс.
· Стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээтэй холбоотой хоол боловсруулах замын цус алдалт
· Ходоод ба 12 хуруу гэдэсний салстын улайлтат шархлаат өөрчлөлт/цооролтын сэдрэлийн үе
· Гэдэсний цочмог үрэвсэлт өвчнөөр өвдөөд удаагүй байгаа үе
· Титэм судсыг тойрч гарах трансплантат тавих ажилбарын (bypass) дараах өвдөлт
· Хүнд явцтай элэгний дутагдал
· Хүнд явцтай бөөрний дутагдал (гемодиализ явуулаагүй)
· Ходоод гэдэсний шархлааны цус алдалт, тархины судасны цус алдалт эсвэл цус алдалтын өвчнүүд
· Ээнэгшилгүй зүрхний дутагдал
Эмийн харилцан үйлчлэл:
· Хэрэглэх үеийн гиперкалиеми: калийн давс, кали хөөдөггүй шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч, ангиотензин II-ын рецепторыг хориглогч, стероид бус үрэвслийн эсрэг эм, гепарин, циклоспорин, такролимус, триметоприм
· Простагландины нийлэгжилтийг саатуулагчид: глюкокортикостероидууд, салицилатууд. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихсэнэ.
· Цусны бүлэгнэлтийг саатуулах эм, гепарин, бүлэн хайлуулах эм нь цус алдах эрсдлийг ихэсгэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэхгүй.
· Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулагч, серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор хориглогч бэлдмэл нь цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэнэ.
· Стероид бус үрэвслийн эсрэг эм нь шээс хөөх эм ба цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулна. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч, судас өргөсгөгч, ангиотензин II-ын рецепторыг хориглогч бэлдмэл хэрэглэх үед бөөрний дутагдал үүсэх эрсдэлтэй.
· Стероид бус үрэвслийн эсрэг эм нь бета-адреноблокаторын үйлдлийг сулруулна.
· Кальциневриныг хориглогч: стероид бус үрэвслийн эсрэг эм нь умайн дотор тавьсан хэрэгслийн үйлдлийг сулруулдаг.
· Мелоксикамыг деферасироксомтой хамт хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг ихэсгэдэг.
· Литий: стероид бус үрэвслийн эсрэг эм нь цусны сийвэн дэх литийн түвшинг ихэсгэдэг. Иймээс хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
· Метотрексат: стероид бус үрэвслийн эсрэг эм нь сувганцрын шүүрлийг багасгаж цусны сийвэн дэх метотрексатын концентрацийг ихэсгэнэ. Иймээс хэрэглэхийг зөвлөхгүй.
· Пеметрексед: мелоксикамыг пеметрекседыг хэрэглэснээс хойш 2 өдрийн дараа болон 5 өдрийн өмнө зогсооно. Өвчтөнд хоол боловсруулах замын гаж нөлөө, ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдах эсэхийг сайтар хянах хэрэгтэй. Мелоксикамыг пеметрекседтэй хамт хэрэглэхгүй.
· Холестирамин мелоксикамтай холбогдох ба бие махбодоос гадагшилна.
· Мелоксикам элгэнд метаболизм орсноор бүрэн ялгарна.
· Чихрийн шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэснээр эдгээр эмүүдийн цусны сийвэн дэх концентраци нь ихэсдэг.
· Мелоксикам, циметидин, дигоксин, фуросемидыг хэрэглэх үед эмийн фармакокинетикийн харилцан үйлчлэл илэрдэггүй.
Гиперкалиемитай холбоотой эрсдэл
Гиперкалиеми үүсгэж болох эмийн бэлдмэл ба бүлэг эм: калийн давс, кали хөөдөггүй шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч, ангиотензин II-ын рецепторыг саатуулагч, стероид бус үрэвслийн эсрэг эм, гепарин (молекул жин бага эсвэл фракцжуулаагүй), циклоспорин, такролимус, триметоприм
Гиперкалиеми эхлэх нь эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаарна. Дээр дурьдсан эмийн бэлдмэлийг мелоксикамтай хам хэрэглэх үед гиперкалиеми үүсэх эрсдэл нэмэгддэг.
Фармакодинамикын харилцан үйлчлэл
Стероид бус үрэвслийн эсрэг бусад эм ба салицилатууд, ацетилсалицилын хүчлийг оруулаад
Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй (ацетилсалицилын хүчлийн 1 удаагийн тун 500мг-с дээш, хоногийн тун 3г-с дээшийг оруулаад) хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
Кортикостероид (глюкокортикостероидууд):
Хоол боловсруулах замын зүгээс шархлаа үүсэх ба цус алдах эрсдэл ихэсдэг учир кортикостероидтой хамт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм эсвэл гепарин (настангуудад хэрэглэж байгаа эсвэл эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа):
Хоол боловсруулах замын зүгээс салст бүрхүүл гэмтэх, тромбоцитын үйл ажиллагаа дарангуйлагдсаны улмаас цус алдах эрсдэл их хэмжээгээр ихсэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эм нь цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн (жишээ нь варфарин) үйлдлийг ихэсгэж болно. Стероид бус үрэвслийн эсрэг эмийг цусны бүлэгнэлтийг саатуулах эм эсвэл гепаринтай (настангуудад эсвэл эмчилгээний тунгаар хэрэглэж буй) хамт хэрэглэхгүй.
Гепариныг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх шаардлагатай бусад тохиолдолд цус алдах эрсдэл ихэсдэг учир хамт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрэв ийм хослол хэрэглэхээс зайлсхийх боломжгүй байвал олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг тодорхойлох шаардлагатай.
Бүлэн хайлуулах эм, тромбоцитын эсрэг эм:
Ходоод ба 12 хуруу гэдэсний салст бүрхүүл гэмтэх болон тромбоцитын үйл ажиллагаа дарангуйлагдсантай холбоотойгоор цус алдах эрсдэл ихсэж болно.
Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэж орохыг сонгомлоор саатуулагч эм:
Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
Шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эм, ангиотензин II-ын рецепторыг хориглогч эм:
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь шээс хөөх эм болон цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулж болно. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй зарим өвчтөнд (усгүйжсэн эсвэл настангууд) циклооксигеназыг хориглогчийг ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч болон ангиотензин II-ын рецепторыг хориглогчтой хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагааг цаашид дордуулах ба бөөрний цочмог дутагдалд (ерөнхийдөө түр зуурын шинжтэй) хүргэж болно. Иймээс мелоксикам ба эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхдээ болгоомжлох (ялангуяа настангуудад) хэрэгтэй. Энэ үед хангалттай хэмжээний шингэн хэрэглэх ба хавсарсан ээлж эмчилгээний эхэнд болон эмчилгээний явцад үе үе бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Цусны даралт бууруулах бусад эм (жишээ нь бета-адреноблокатор):
Судас өргөсгөгч простагландиныг дарангуйлсны улмаас даралт бууруулах үйлдлийг нь багасгаж болно.
Кальцинейриныг дарангуйлагч (циклоспорин, такролимус):
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь кальцинейриныг дарангуйлагчийн бөөр хордуулах үйлдлийг ихэсгэж болно. Учир нь бөөрний простагландинд нөлөөлдөг. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхдээ бөөрний үйл ажиллагааг сайтар хянах (ялангуяа настангуудад) хэрэгтэй.
Мелоксикамыг деферазирокстой хамт хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг ихэсгэдэг. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Фармакокинетикийн харилцан үйлчлэл
Литий:
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь цусан дахь литийн концентрацийг ихэсгэн (түүний бөөрөөр ялгарахыг багасгасны улмаас) хортой түвшинд хүргэж болно. Хавсарсан эмчилгээ шаардлагатай үед ээлж эмчилгээний эхэнд болон тунг өөрчлөх, мелоксикамыг зогсоох үед тус тус цусны сийвэн дэх литийн концентрацийг сайтар хянах хэрэгтэй.
Метотрексат:
Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийн нэгэн адилаар мелоксикам нь бөөрний сувганцар дахь метотрексатын шүүрлийг дарангуйлдаг учир цусны сийвэн дэх түүний концентраци ихэсдэг. Иймээс метотрексатыг өндөр тунгаар (долоо хоногт 15мг-с их) хэрэглэж байгаа өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг хамт хэрэглэхгүй.
Стероид бус үрэвслийн эсрэг эм ба метотрексатын хоорондын харилцан үйлчлэлийн илэрч болох эрсдэл нь ялангуяа бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд метотрексатыг бага тунгаар хэрэглэж байгаа үед илэрч болно. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэх шаардлага гарсан үед бөөрний үйл ажиллагаа ба цусны дүрст элементийг сайтар хянана.
Стероид бус үрэвслийн эсрэг эмийг метотрексаттай хамт хэрэглэж байгаа тохиолдолд 3 өдрийн хугацаанд маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ үед метотрексатын концентраци хортой түвшин хүртэл нэмэгдэж болно. Хамт хэрэглэж байгаа үед мелоксикам нь метотрексатын (долоо хоногт 15мг) фармакокинетикт практикын хувьд нөлөөлдөггүй боловч метотрексатын цус хордуулах нөлөөг ихэсгэж болохыг анхаарах хэрэгтэй.
Пеметрексед:
Бөөрний хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд мелоксикамыг пеметрекседтэй хамт хэрэглэх шаардлага гарах үед эмчилгээг эхлэхээс дор хаяж 5 хоногийн өмнө, эмчилгээний үед, түүнчлэн пеметрекседийн эмчилгээнээс хойш дор хаяж дахин 2 өдрийн хугацаанд тус тус мелоксикамыг зогсооно. Пеметрексед болон мелоксикамыг хамт хэрэглэх шаардлага гарсан үед ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдах болон хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө үүсэх эсэхийг сайтар хянах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлттэй (креатининий клиренс 45мл/мин-с бага) өвчтөнд мелоксикамыг пеметрекседтэй хамт хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагаа хэвийн (креатинины клиренс 80мл/мин) өвчтөнд мелоксикамыг 15мг тунгаар хэрэглэх нь пеметрекседийн ялгаралтыг багасгаж түүний гаж нөлөө үүсэх эрсдлийг ихэсгэж болно. Иймээс бөөрний хэвийн үйл ажиллагаатай (креатинины клиренс 80мл/мин-с дээш) өвчтөнд мелоксикамыг 15мг тунгаар пеметрекседтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Мелоксикамын фармакокинетикт бусад бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Холестирамин:
Холесирамин нь элэг гэдэсний эргэлтийг өөрчлөн мелоксикамын бие махбодоос ялгарахыг нь түргэсгэдэг. Мелоксикамын клиренс 50%-р ихсэж хагас ялгарлын хугацаа нь 13+3 цаг хүртэл удааширдаг. Уг харилцан үйлчлэл нь эмнэл зүйн хувьд ач холбогдолтой.
Бэлдмэлийг ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл, циметидин, дигоксин зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэх үеийн эмнэл зүйн ач холбогдол бүхий фармакокинетикийн харилцан үйлчлэл илрээгүй.
Онцгой анхааруулга!
Хоногийн тунг хэтрүүлж хэрэглэхгүй ба стероид бус үрэвслийн эсрэг бусад эмийг нэмж хэрэглэвэл хортой нөлөө нь ихсэнэ.
Мелоксикамыг циклооксигеназа-2 ферментийг сонгомлоор хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь шархлаа үүсэх, цус алдах эрсдэлтэй байдаг. Эмчилгээний үед илэрч буй цус алдалт, хоол болосруулах замын шархлааны шинж тэмдгийн талаар өвчтөн зайлшгүй мэдээлэх шаардлагатай.
Гепарин, цусны бүлэгнэлтийг саатуулах эм, варфарин болон стероид бус үрэвслийн эсрэг эм нь шархлаа үүсэх болон цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Гипертонитой болон зүрхний дутагдалтай өвчтөнд хаван үүсэж болно. Зүрх судасны системийн зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгахын тулд бага тунгаар богино хугацаагаар хэрэглэх хэрэгтэй. Артерийн гипертензи, зүрхний зогсонгишилт дутагдал, зүрхний цус хомсролын өвчин, захын артерийн судасны өвчин, тархины судасны өвчтэй өвчтөний мелоксикамын эмчилгээг нарийвчлан судалсны дараа авч үзэх хэрэгтэй. Эрсдэлт хүчин зүйлтэй (гипертони, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татах) өвчтөнд эмчилгээг эхлэхээс өмнө шинжилгээ хийх хэрэгтэй.
Мелоксикамыг хэрэглэсэнтэй холбоотойгоор дараах арьсны урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн. Үүнд: эксфолиатив дерматит, эпидермийн хордлогот үхжил. Цусан дахь трансаминазын түвшин ихсэж болно.
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь бөөрний цусны урсгалыг барихад чухал үүрэг гүйцэтгэдэг бөөрөн дэх простагландины нийлэгжилтийг саатуулна. Бөөрний цусан хангамж багассан өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэвэл бөөрний ээнэгшилгүйдэлд хүргэж болно. Эрсдэлт хүчин зүйлтэй (настангууд, цусны даралт бууруулах нэмэлт эмчилгээ, эргэлдэх цусны эзлэхүүн багасах, зүрхний болон бөөрний дутагдал, нефроз хам шинж, системийн улаан чонон ярын үеийн бөөрний эмгэг, элэгний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт) өвчтөний шээсний ялгаралт болон бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь бөөрний завсрын эдийн үрэвсэл, гломерулонефрит, бөөрний медуляр үхжил эсвэл нефроз хам шинж үүсгэж болно. Гемодиализ-д байгаа өвчтөний мелоксикамын тун нь 7,5мг-с хэтрэхгүй байна. Бөөрний үйл ажиллагаа багасах үед тунг бууруулах шаардлагагүй.
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь бие махбодод ус, натри, кали хуримтлуулах ба зүрх судасны дутагдалд хүргэж болно.
Удамшлын шалтгаантай галактоз зохидоггүй өвчтөн, Lapp лактаз ферментийн дутагдал буюу эсвэл глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Учир нь 7,5мг тунд 27,18мг лактоз, 15мг тунд 54,35мг лактоз агуулагддаг.
Нөхөн үржих чадвар, жирэмсэн ба хөхүүл үе: Мелбек форт бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Мелоксикамын хэрэглээ нь нөхөн үржих чадварт нөлөөлөх ба жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйд хэрэглэхгүй.
Зулбах, зүрхний гажиг, гастрошизис үүсэх эрсдлийг ихэсгэнэ.
Жирэмсний 3 дахь 3 сард стероид бус үрэвслийн эсрэг эм нь урагт зүрх – уушгины хортой нөлөө болон бөөрний дутагдалд хүртэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэж болно.
Жирэмсний төгсгөл дэх эх ба ураг: цус гоожих хугацааг уртасгах ба умайн булчингийн агшилтыг дарангуйлж төрөлтийн үргэлжлэх хугацааг уртасгадаг.
Хөхүүл үе: Мелбек форт-ыг хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: хараа өөрчлөгдөх, толгой эргэх, нойрмоглох, ТМС-ийн үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг шинж илэрч болно. Гаж нөлөө илрэх үед өвчтөн тээврийн хэрэгсэл жолоодохгүй ба машин механизмтай ажиллахаас татгалзана.
Бусад эмийн бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа өвчтөнд (настангуудад эсвэл эмчилгээний зорилгоор гепарин, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), стероид бус үрэвслийн эсрэг бусад эм эсвэл ацетилсалицилын хүчил (1 удаа 500мг-с дээш, хоногт 3г-с дээш)) цус алдах эсвэл шархлаа үүсэх эрсдэл ихэсдэг тул мелоксикамыг хамт хэрэглэхийг зөвлөхгүй (“Эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
Хэрэв эмчилгээний явцад хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт илэрвэл мелоксикамын эмчилгээг зогсооно.
Хоол боловсруулах замын өвчтэй (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эм нь тэдгээрийг сэдрээж болно.
Тархины судасны болон зүрх судасны үр нөлөө
Артерийн гипертензитэй, хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний дутагдалтай өвчтөнд тэдгээрийн биеийн байдлын тогтмол хяналт болон эмчийн ажиглалт шаардагдана. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний суурин дээр шингэн хуримтлагдаж хаван үүссэн талаар мэдээлэгдсэн.
Артерийн даралтын эмнэл зүйн хяналтыг эмчилгээний өмнө, түүнчлэн мелоксикамын эмчилгээний эхэнд хийнэ.
Эмнэл зүйн тархвар судлалын судалгааны үр дүнгээр мелоксикам болон зарим стероид бус үрэвслийн эсрэг эм нь (ялангуяа өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэх үед) артерийн судасны бүлэнт хүндрэл (жишээ нь зүрхний булчингийн шигдээс эсвэл цус харвалт) үүсэх эрсдлийг бага зэрэг ихэсгэдэг байна. Мелоксикамын уг эрсдлийг үгүйсгэх хангалттай хэмжээний мэдээлэл байдаггүй.
Хянагдахгүй байгаа артерийн гиперензитэй, зүрхний цус хомсролын өвчтэй нь тогтоогдсон зүрхний зогсонгшилт дутагдалтай, захын артерийн судасны болон тархины судасны өвчтэй хүмүүст мелоксикамыг зөвхөн тэдгээрийн биеийн байдлыг нарийвчлан үнэлсний дараа хэрэглэж болно. Түүнчлэн зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлтэй (жишээ нь гипертензи, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг хүмүүс) өвчтөнд мелоксикамын удаан хугацааны эмчилгээ үндэслэлтэй эсэхийг дэнслэх хэрэгтэй.
Арьсны зүгээс илрэх урвал
Мелоксикамыг хэрэглэх үед амь насанд аюултай Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, үүссэн талаар мэдээлэгдсэн.
Эдгээр өвчний шинж тэмдгийн талаар өвчтөнд нарийвчлан мэдээлэх ба арьсны урвал үүсэх эсэхийг сайтар ажиглана. Стивенс-Джонсоны хам шинж болон эпидермийн хордлогот үхжил үүсэх эрсдэл эмчилгээний эхний долоо хоногийн хугацаанд илүү өндөр байдаг.
Стивенс-Джонсоны хам шинж болон эпидермийн хордлогот үхжлийн шинж илэрвэл (даамжрах явцтай арьсны тууралт, ихэвчлэн салст бүрхүүлийн гэмтэл болон цэврүү бүхий) мелоксикамын эмчилгээг зогсооно.
Стивенс-Джонсоны хам шинж болон эпидермийн хордлогот үхжлийн эмчилгээ үр дүнтэй байх нь тэдгээрийн оношийг эрт тавьж сэжиглэж буй эмийн бэлдмэлийг яаралтай зогсоосноор боломжтой болно. Бэлдмэлийг түргэн зогсоосноор тавилан сайтай байна.
Хэрэв мелоксикамыг хэрэглэж байгаа үед Стивенс-Джонсоны хам шинж болон эпидермийн хордлогот үхжил үүсвэл мелоксикамыг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт
Стероид бус үрэвслийн эсрэг ихэнх бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй нэгэн адилаар мелоксикамын ээлж эмчилгээний явцад цусан дахь трансаминазын түвшин үе үе ихсэх, билирубин болон элэгний үйл ажиллагааны бусад үзүүлэлтийн эмгэг өөрчлөлт ажиглагдана. Түүнчлэн цусан дахь креатинин болон мочевины концентраци, лабораторийн шинжилгээний бусад үр дүнгийн өөрчлөлт ихсэж болно. Ихэнх тохиолдолд эдгээр өөрчлөлт нь хөнгөн явцтай түр зуурын шинжтэй байдаг.
Хэрэв лабораторийн шинжилгээний үр дүнгийн өөрчлөлт нь илэрхий эсвэл тогтмол болвол мелоксикамыг зогсоож тохирсон шинжилгээ хийнэ.
Бөөрний үйл ажиллаганы өөрчлөлт
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь судас өргөсгөгч бөөрний простагландины нийлэгжилтийг дарангуйлдаг учир түүдгэнцрийн фильтраци багассаны улмаас бөөрний үйл ажижллагааны дутагдалд хүргэж болно. Уг гаж нөлөө нь тунгаас хамаардаг.
Доор дурьдсан эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөний шээсний ялгаралт болон бөөрний үйл ажиллагааг эмчилгээний эхэнд, тунг ихэсгэх үед, настангуудад, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч, ангиотензин II-ын рецепторыг хориглогч, сартанууд, шээс хөөх эмтэй хамт хэрэглэх, эргэлдэх цусны эзлэхүүн багасах (шалтгаанаас хамаарахгүй), зүрхний зогсонгишилт дутагдал, бөөрний дутагдал, нефроз хам шинж, улаан чонон ярын бөөрний эмгэг, элэгний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт (цусан дахь альбумины хэмжээ 25г/л-с бага эсвэл Чайлд Пью-ын нийт оноо 10-с дээш) зэргийн үед тус тус сайтар хянахыг зөвлөнө.
Ховор тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм нь бөөрний завсрын эдийн үрэвсэл, гломерулонефрит, бөөрний медуляр үхжил, нефроз хам шинж үүсгэж болно.
Бөөрний дутагдлын төгсгөлийн шатанд байгаа гемодиализ хийлгэж байгаа хүмүүст мелоксикамын хоногийн тун 7,5мг-с хэтрэхгүй байх хэрэгтэй. Бөөрний хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай өвчтөний (креатинины клиренс 25мл/мин-с бага) тунг багасгах шаардлагагүй.
Натри, кали, ус хуримтлагдах
Стероид бус үрэвслийн эсрэг эм нь натри, кали, ус хуримтлуулах ба түүнчлэн шээс хөөх эмийн натри хөөх үйлдэлд нөлөөлж болно. Үүнээс гадна даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулна. Үүний дүнд гипертензитэй, зүрхний дутагдалтай, хавантай өвчтөний биеийн байдал дордох эсвэл сэдэрч болно. Эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд эмнэл зүйн хяналт шаардагдана.
Гиперкалиеми
Чихрийн шижингийн үед эсвэл цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг эмтэй хамт хэрэглэх үед гиперкалиеми үүсэж болно. Энэ тохиолдолд цусан дахь калийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй.
Пеметрекседтэй хамт хэрэглэх нь:
Бөөрний хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй пеметрексед хэрэглэж байгаа өвчтөнд мелоксикамыг эмчилгээ эхлэхээс дор хаяж 5хоногийн өмнө, эмчилгээний үед, түүнчлэн пеметрекседийн эмчилгээнээс хойш дор хаяж дахин 2 өдрийн хугацаанд тус тус зогсооно.
Болгоомжлох бусад арга хэмжээ
Гаж нөлөө нь настангуудад болон бие султай хүмүүст зохимж муу байдаг учир үүнтэй холбоотойгоор эдгээр өвчтөнг сайтар ажиглах шаардлагатай.
Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй нэгэн адилаар мелоксикамыг өндөр настай хүмүүст хэрэглэхдээ онцгой болгоомжлох хэрэгтэй. Учир нь бөөр, элэг, зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөх давтамж нас ахих тусам нэмэгддэг.
Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед гаж нөлөө (ялангуяа нас баралтаар төгсөж болох хоол боловсруулах замын цус алдалт, цооролт) үүсэх давтамж нэмэгддэг.
Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийн нэгэн адилаар мелоксикам нь халдварт өвчний шинж тэмдгийг далдалж болно.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Шинж тэмдэг: сульдах, нойрмоглох, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх, хоол боловсруулах замын цус алдалт. Хордлого нь гипертони, элэг, бөөр, зүрх судасны цочмог дутагдал, амьсгал дарангуйлагдах, таталт үүсэхэд хүргэж болно.
Эмчилгээ: шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Мелоксикамын бие махбодоос ялгарахыг түргэсгэхийн тулд холестирамин (4г) хоногт 3 удаа ууж хэрэглэж болно.
Эмийн хэлбэр, савлалт:
Бэлдмэлийг 10 шахмалаар хөнгөн цагаан фольги ба поливинилхлоридын хальснаас тогтсон тусгай үүр бүхий савлалтанд савлана.
1 ба 3 тусгай үүр бүхий савлалтыг эм хэрэглэх зааврын хамт үйлдвэрлэгч фирмийн голограмм бүхий цаасан хайрцагт савлан гаргана.
Хадгалалт:
25°С-аас доош хэмийн хуурай газар, гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа:
4 жил.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш.
Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 34768 Умрание, Стамбул хот / Турк улс
Телефон : +90 (216) 633 60 00
Факс: +90 (216) 633 60 01
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш.
Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 34768 Умрание, Стамбул хот / Турк улс