Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
0.5%-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МЕТРОНИДАЗОЛ

Эмийн худалдааны болон олон улсын нэршил:

Метронидазол 0.5%-ын тарилгын шингэн  

 

Эмийн найрлага:

Метронидазол 0.5г, натрийн хлорид 0.9г, тарилгад зориулсан ус 100 мл хүртэл

 

Хэрэглэх заалт:

  • Эгэл биетний халдварууд: элэгний амёбоор үүсгэгдсэн буглаа, амёбын гаралтай цусан суулга зэрэг гэдэсний амёбоор үүсгэгдсэн өвчнүүд, трихомониаз, арьсны лейшманиоз, үтрээний мөөгөнцөр, шээсний сүвийн мөөгөнцөр
  • Bacteroides spp (бактероидын омог)-р үүсгэгдсэн халдварууд, яс ба үе мөчний халдварууд, менингит ба тархины гаралтай буглаа зэрэг ТМС-н халдварууд, бактерийн гаралтай эндокардит, уушгины үрэвсэл, эмпием, уушгины буглаа
  • Bacteroides spp (бактероидын омог), Clostridum spp (клостридумын омог), Peptococcus (пептококк) ба Peptostreptococcus (пептострептококк) зэрэг бактериар үүсгэгдсэн хэвлийн хөндийн халдварууд /хэвлийн гялтан хальсны үрэвсэл, элэгний буглаа/, аарцгийн хөндийн эрхтний халдвар /эндометри, эндомиометрит, өндгөвч ба Фаллопиевын гуурсны буглаа, мэс заслын дараах үтрээний хөндийн халдвар/, арьс ба зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ.
  • Псевдомембраноз бүдүүн гэдэсний үрэвсэл бүдүүн гэдэсний үрэвсэл /антибиотик хэрэглэсэнтэй холбоотой/
  • Согтууруулах ундаа болон H.Pylori-оор үүсгэгдсэн ходоод 12 хуруу гэдэсний шархлаа

Хориглох заалт:

Метронидазол болон бусад 5-нитроимидазолын уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, ТМС-н органик өвчин /эпилепси/, элэгний дутагдал /их тунгаар хэрэглэх тохиолдолд/, цусны өвчнүүд, жирэмсэн үе /эхний 3 сар/, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Бэлдмэлийг 18-аас доош насны хүүхдэд амоксициллинтэй хавсарч хэрэглэж болохгүй.

Тэнцвэргүйдэх, толгой эргэх болон бусад мэдрэлийн системийн зүгээс шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсооно.

 

Гаж нөлөө:

Хоол боловсруулах системийн зүгээс: суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хүчтэй хатгаж өвдөх, өтгөн хатах, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх буюу металл амтагдах, ам хатах, хэл үрэвсэх, амны хөндий үрэвсэх, нойр булчирхай үрэвсэх

Төв мэдрэлийн системийн зүгээс: толгой эргэх, хөдөлгөөний баримжаа алдагдах, тэнцвэргүйдэх, ухаан балартах, цочромтгой болох, сэтгэлээр унах, сэрэмтгий болох, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, таталдах, хий юм үзэгдэх, захын мэдрэлийн эмгэг үүсэх

Харшлын урвал: чонон хөрвөс, арьсны тууралт, арьс улайх, хамар битүүрэх, халуурах, үе мөчөөр өвдөх

Шээс ялгаруулах системийн зүгээс: шээх үед өвдөх, давсаг үрэвсэх, ихээр шээх, шээсээ барьж чадахгүй болох буюу өөрийн мэдэлгүй шээх, мөөгөнцөртөх, шээсний өнгө улаан хүрэн болох

Хэсэг газрын урвал: тромбофлебит /тарьсан хэсэг хавдаж улайж өвдөх/

Бусад: цусны нейтрофиль, лейкоцитын тоо цөөрөх, зүрхний цахилгаан бичлэгт Т шүд намсах

 

Тун, хэрэглэх арга:

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд эхлээд 0,5-1г-р судсанд дуслаар 30-40 минутын турш хийнэ. Дараа нь 8 цагийн зайтай 0.5г-р 5мл/мин-н хурдтайгаар тарина. Хэрэв бэлдмэл зохимж сайн байвал эхний 2-3 дуслын дараа тарилгыг хийнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 7 хоног бөгөөд хэрэв шаардлагатай бол эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлж болно. Хоногийн дээд тун 4г. 12-оос доош насны хүүхдэд 7.5мг/кг тунгаар хэрэглэнэ.

Элэг ба бөөрний /креатининий клиренс 30мл/мин-аас бага/ дутагдалтай өвчтөнд хоногийн дээд тунг 1г-аас хэтрүүлж болохгүй.

 

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Судсанд тарих зориулалттай бэлдмэлийг бусад эмүүдтэй хольж болохгүй.

Протромбин үүсэх хугацааг ихэсгэж, шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмийн үйлдлийг хүчжүүлнэ.

Дисульфирамтай адил согтууруулах ундаа тэсвэрлэх чадваргүй болгоно. Дисульфирамтай хамт хэрэглэхэд мэдрэлийн системийн зүгээс олон төрлийн ноцтой гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул эдгээр эмүүдийг дор хаяж 14 хоногийн зайтай хэрэглэнэ.

Циметидин метронидазолын хоргүйжих үйл явцыг дарангуйлснаар метронидазолын цусны сийвэн дэх хожуу үеийн концентраци ихсэж, улмаар гаж нөлөө нь ихсэх эрсдэлтэй.

Элэгний микросомын исэлдүүлэгч ферментүүдийг идэвхижүүлэх эмүүдтэй /фенобарбитал, фенитоин/ хамт хэрэглэвэл метронидазолын ялгаралт түргэсч цусны сийвэн дэх концентраци нь буурна.

Литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд цусан дахь литийн концентраци нэмэгдэж хордлогын шинж ихсэнэ.

Бэлдмэлийг туйлшралгүйдлийн эсрэг нөлөөлдөг булчин сулруулах эмтэй /векурониум бромид/ хамт хэрэглэхгүй.

Сульфаниламидууд метронидазолын нянгийн эсрэг үйлдлийг хүчжүүлнэ.

 

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил.

 

Хадгалах нөхцөл, анхааруулга:

Ердийн нөхцөлд хадгална. Хэрэглэхийн өмнө уусмалын тунгалагжилт, савлалтын бүрэн

бүтэн эсэхийг шалгана. Өөр эмийн бэлдмэлтэй холих тохиолдолд нийцлийг шалгана.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно

Савлалт:

100 мл поливинилхлоридын бус уутанд савлана. 100 мл бол 80 ширхэгээр картонон хайрцагт савлан гаргана.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг:

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, “Энхийн шүүдэр” эмийн үйлдвэр 32/4 тоот