
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН НЭР
АЦЦ® ЛОНГ
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БУС НЭР
Ацетилцистеин /acetylcysteine
ЭМИЙН ХЭЛБЭР
Хөөсөрч уусдаг шахмал
ДҮРСЛЭЛ:
Цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй, хэрчлээстэй, гилгэр, бөөрөлзгөний үнэртэй шахмал.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: ацетилцистеин.
Хөөсөрч уусдаг 1 шахмалд 600 мг ацетилцистеин агуулагдана.
Туслах бодис: нимбэгний хүчил (усгүй), натрийн гидрокарбонат, натрийн карбонат (усгүй), маннитол, лактоз (усгүй), аскорбины хүчил (витамин С), натрийн цикламат (Е 952), натрийн сахаринат 2Н2О (Е 954), натрийн цитрат 2Н2О, бөөрөлзгөний амт оруулагч «В».
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ
Цэр шингэлэх эм. АТХ код: R05CB01
ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ
Фармакодинамик:
Ацетилцистеин нь цистеины амин хүчлийн уламжлал. Ацетилцистеин нь амьсгалын замд шүүрэл шингэлэх ба шүүрэл гадагшлуулах үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ салсын зуурамтгай чанарыг багасгадаг. Тэрээр химийн радикалыг хоргүйжүүлдэг ба хортой бодисыг хоргүйжүүлэхэд чухал үүрэгтэй глутатионы нийлэгжилтийг ихэсгэнэ. Үүгээр парацетамолын хордлогын үед илэрдэг ацетилцистеины антидот үйлдэл тайлбарлагддаг.
Гуурсан хоолойн архаг үрэвсэл/муковисцидозтой өвчтөнд ацетилцистеиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд бактерийн шалтгаант сэдрэлийн хүндрэл ба давтамж нь буурдаг.
Фармакокинетик:
Ацетилцистеиныг ууж хэрэглэхэд түргэн бөгөөд практикын хувьд бүрэн шимэгдэх ба элгэнд хувирч цистеин (эмийн идэвхтэй метаболит), диацетилцистин, цистин ба бусад холимог дисульфид үүсгэнэ. Ууж хэрэглэсэн ацетилцистеины биохүрэхүй маш бага (ойролцоогоор 10%). Бэлдмэлийн цусны сийвэн дэх концентраци 1-3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 50% холбогддог.
Зөвхөн идэвхгүй метаболит хэлбэрээр биеэс бөөрөөр дамжин ялгарна. Ацетилцистеины цусны сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 1 цаг ба гол нь элгэнд хурдан хугацаанд метаболизмд ордгоор тодорхойлогддог. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт нь хагас ялгарлын хугацааг 8 цаг хүртэл уртасгадаг.
Ацетилцистеин нь ихсийн хоригийг нэвтрэх ба хүйн цусанд илэрдэг. Хөхний сүүтэй ялгардаг талаар мэдээлэл байдаггүй.
Ацетилцистеин нь хүний цус-тархины хоригийг нэвтэрдэг талаарх мэдээлэл байдаггүй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
АЦЦ ЛОНГ – өтгөн цэрийг шингэрүүлэх зорилгоор хэрэглэдэг цэр шингэлэх бэлдмэл бөгөөд цэрийг амьсгалын замаас гадагшлахыг хөнгөвчилдөг.
АЦЦ ЛОНГ-ийг өтгөн цэр ба ялгарахад хүндрэлтэй цэр үүсэж дагалдсан амьсгалын замын бүх өвчний үед хэрэглэнэ. Үүнд: гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, бронхиолит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин (бронхэктази), уушгины үрэвсэл, ларингит, трахеит, томуу, түүнчлэн муковисцидоз, синусит орно.
ЦЭЭРЛЭЛТ
Ацетилцистеин эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
Идэвхтэй идэгдмэл шархлаа
АЦЦ ЛОНГ-ийн үйлчлэгч бодисын агууламж өндөр тул 14-өөс доош насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэхгүй.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Бронхын багтраатай өвчтөнийг сайтар хянана. Гуурсан хоолойн агчил үүсэх үед АЦЦ ЛОНГ бэлдмэлийг нэн даруй зогсоож тохирсон эмчилгээг эхэлнэ.
Шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд ялангуяа хоол боловсруулах замын салст бүрхүүлийг цочроох үйлдэлтэй эмийн бэлдмэлийг хамт хэрэглэх үедээ болгоомжлохыг зөвлөнө.
Бэлдмэлийг хэрэглэснээр бронхын шүүрэл шингэрч улмаар түүний эзлэхүүн ихсэхэд хүргэж (ялангуяа эмчилгээний эхэнд) болно. Цэрээ ханиалгаж ховхолж гаргах боломжгүй (ховхролт хангалтгүй байх) үед тохирсон арга хэмжээг (гуурс (дренаж), сорох гэх мэт) авах хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд Стивенс-Джонсон болон Лайеллын хам шинж зэрэг арьсны хүнд явцтай урвал ажиглагдах ба энэ нь илрэх цаг хугацааны хувьд ацетилцистеин хэрэглэхтэй давхцдаг. Арьс ба салст бүрхүүлийн зүгээс өөрчлөлт илэрвэл АЦЦ ЛОНГ бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй (“Гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
Гистамины үл зохицлын үед болгоомжлох хэрэгтэй ба АЦЦ ЛОНГ бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь ацетилцистеин нь гистамины солилцоонд нөлөөлдөг учир түүний үл зохицлын шинж (жишээ нь толгой өвдөх, шуухинаа, загатнаа) илрэхэд хүргэж болно.
Хүүхэд ба өсвөр насныхан
АЦЦ ЛОНГ-ийн үйлчлэгч бодисын агууламж өндөр тул 14-өөс доош насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэхгүй.
2-оос доош насны хүүхдийн амьсгалын замын онцлог болон ханиалгах чадвар хязгаарлагдмал байдаг учир цэр шингэлэх эм хэрэглэх нь амьсгалын замд бөглөрөл үүсгэж болно. Иймээс цэр шингэлэх эмийг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
1 хөөсөрч уусдаг шахмал ойролцоогоор 6,03 ммоль (138.8 мг) натри (хоолны давсны үндсэн бүрэлдэхүүн) агуулдаг бөгөөд энэ нь насанд хүрсэн хүнд зөвлөдөг натрийн хоногийн дээд хэрэгцээний 6,94%-тай тохирдог. Үүнийг давсны (натри) агууламж бага хоолны дэглэм барьж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй.
АЦЦ ЛОНГ бэлдмэл лактоз агуулдаг тул түүнийг удамшлын ховор тохиолдох эмгэг болох галактозын үл зохицол болон лактазын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст хэрэглэхгүй.
АЦЦ ЛОНГ-ийн 1 хөөсөрч уусдаг шахмал 75мг аскорбины хүчил агуулах ба энэ нь витамин С-ийн зөвлөж буй хоногийн хэрэгцээтэй тохирно.
Бэлдмэлийн найрлагад аскорбины хүчил байдаг учир глюкозо-6-фосфатдегидрогеназын дутагдал, гемохроматоз, сидеробласт цус багадалт, талассеми, гипероксалури, оксалоз, бөөр чулуужих өвчтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбины хүчил нь салицилат ба богино хугацааны үйлдэлтэй сульфаниламидуудын эмчилгээний үед шээсэнд талст үүсэх үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх ба хүчлийн бөөрөөр ялгарахыг удаашруулах, шүлтлэг урвал бүхий бэлдмэлийн (ялангуяа алкалоид) ялгаралтыг ихэсгэхээс гадна ууж хэрэглэх жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлийн цусан дахь концентрацийг бууруулдаг.
Аскорбины хүчил нь янз бүрийн лабораторын шинжилгээний үр дүнг (цусан дахь глюкоз, билирубиний агууламж, трансаминазын идэвхижил, ЛДГ) гажуудуулж болзошгүй. Аскорбины хүчил нь өндөр тунгаараа өтгөнд далд хэлбэрийн цус алдалтыг илрүүлэх шинжилгээний үр дүнг хуурамчаар сөрөг гаргаж болно.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
Жирэмсэн эмэгтэйчүүд ацетилцистеин хэрэглэсэн талаарх мэдээлэл хангалтгүй байдаг. Ацетилцистеин хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй.
Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тус болон эрсдлийг нь сайтар харьцуулж үнэлсний дараа хэрэглэх хэрэгтэй.
Ацетилцистеин хүний нөхөн үржих чадварт нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ БОЛОН МАШИН МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Бэлдмэл тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг өөрөөр хэрэглэхийг зөвлөөгүй бол дараах тунгаар хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны өсвөр насныхан
1/2 хөөсөрч уусдаг шахмалыг хоногт 2 удаа, эсвэл 1 хөөсөрч уусдаг шахмалыг хоногт 1 удаа (хоногт 600 мг ацетилцистеин) хэрэглэнэ.
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг зохих ёсоор үйлчлүүлэхийн тулд эм хэрэглэх зааврыг нарийн баримтлах хэрэгтэй.
Хэрэглэх арга
Бэлдмэлийг ууссаны дараа ууж хэрэглэнэ.
Хоолны дараа хэрэглэнэ.
Хөөсөрч уусдаг шахмалыг аяга усанд хийж уусгах ба аяганы агууламжийг бүрэн ууна.
Шингэн зүйл нэмж хэрэглэх нь бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг нь нэмэгдүүлнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Богино хугацаанд үргэлжлэх ханиад шуухинааны үед хэрэглэх хугацаа 5-7 хоног байна.
Хэрэв 4-5 хоногийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг дордох эсвэл сайжрахгүй байвал эмчид хандаж зөвлөнө.
Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон муковисцидозын үед ээлж эмчилгээ илүү удаан хугацаагаар үргэлжилнэ. Эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 3-6 сар байна
Бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн үед
Хэрэв та эмээ хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн эсвэл маш бага тунгаар хэрэглэсэн бол дараагийн тунг хэрэглэх цагийг хүлээх ба бэлдмэлийг тунгийн зөвлөмжинд заасны дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Гаж нөлөөний үр дүнг тэдгээрийн илрэх давтамжинд нь үндэслэж үнэлж дүгнэдэг.
Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100, <1/10), хааяа илрэх (≥1/1000, <1/100), ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр тодорхойлох боломжгүй).
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: хэт мэдрэгшлийн урвал
Маш ховор: анафилаксын шок, анафилаксын/анафилакс төст урвал
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: толгой өвдөх
Сонсголын эрхтний зүгээс илрэх өөрчлөлт ба тэнцвэрийн өөрчлөлт
Хааяа: чих шуугих
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: тахикарди (зүрхний цохилт түргэсэх)
Судасны зүгээс илрэх өөрчлөлт:
Маш ховор: цус алдах
Амьсгалын систем, голт ба цээжний хөндийн эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
Ховор: амьсгаадах, гуурсан хоолойн агчил
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, стоматит
Ховор: хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт
Хааяа: чонон хөрвөс, тууралт гарах, судас мэдрэлийн хаван, арьс загатнах, экзантем
Ерөнхий хямрал ба хэрэглэсэн хэсэг газар илрэх өөрчлөлт
Хааяа: халууралт
Давтамж тодорхойгүй: нүүр хавагнах
Лабораторийн ба багажийн шинжилгээний өөрчлөлт
Хааяа: артерийн даралт багасах
Ацетилцистеин хэрэглэсэнтэй давхцаж Стивенс-Джонсоны хам шинж ба эпидермийн хордлогот үхжил зэрэг арьсны хүнд явцтай урвал илэрсэн талаар маш ховор мэдээлэл байдаг. Эдгээр тохиолдлын ихэнхэд нь арьс ба салст бүрхүүлийн зүгээс илрэх уг бичигдсэн урвалыг хүчжүүлж болох дор хаяж 1 бэлдмэл хамт нэмж хэрэглэсэн байдаг. Хэрэв арьс ба салст бүрхүүлийн зүгээс өөрчлөлт илэрсэн бол АЦЦ ЛОНГ бэлдмэлийг хэрэглэхээ шууд зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Янз бүрийн судалгаагаар ацетилцистеины оролцоотойгоор цусан дахь тромбоцитын бөөгнөрөл багасдаг болох нь тогтоогдсон. Орчин үед уг үзэгдлийн эмнэл зүйн ач холбогдол тогтоогдоогүй.
ТУН ХЭТЭРСНИЙ УЛМААС ИЛРЭХ НӨЛӨӨ
Ацетилцистеины ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэсний улмаас үүссэн хордлогот тун хэтрэлтийн тохиолдол одоог хүртэл ажиглагдаагүй.
Ацетилцистеиныг сайн дурынханд хоногт 11,6г тунгаар 3 сарын турш хэрэглэхэд ямар нэгэн хүнд явцтай гаж нөлөө илрээгүй. Ацетилцистеиныг биеийн жинд 500мг/кг хүртэл тунгаар тооцож ууж хэрэглэхэд хордлогын ямар нэгэн шинж илрээгүй байна.
Тун хэтэрсэн тохиолдолд ходоод гэдэсний замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болзошгүй. Хүүхдийн амьдралын эхний жилд шүүрэл хэт ихсэх эрсдэлтэй.
Шаардлагатай бол шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
БУСАД ЭМТЭЙ БОЛОН БУСАД ХЭЛБЭРИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг ханиалга намдаах эмтэй хамт хэрэглэвэл ханиалгын рефлекс дарангуйлагдсаны улмаас шүүрлийн аюултай зогсонгишил үүсэж болно. Иймээс ийм төстэй хавсарсан эмчилгээний үед оношийг тавихдаа онцгойлон маш анхаарах шаардлагатай.
Ацетилцистеины антибиотик идэвхгүйжүүлдэг талаарх орчин үед гаргаж авсан мэдээлэл нь зөвхөн тухайн бодисуудыг нэг нэгэнтэй нь шууд хольсон in vitro туршилтан дээр үндэслэгдсэн байдаг. Гэвч аюулгүйн үүднээс ууж хэрэглэдэг антибиотикыг ацетилцистеинээс тусад нь дор хаяж 2 цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй. Энэ нь цефиксим болон лоракарбефт хамаарахгүй.
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг глицерилтринитраттай (нитроглицерин) хамт хэрэглэвэл глицерилтринитратын судас өргөсгөх, тромбоцитын бөөгнөрлийн эсрэг үйлдэл нь ихсэж болно. Энэ нь артерийн даралтыг огцом багасгах (артерийн гипотензи) ба (ялангуяа ноцтойгоор), түүнчлэн толгойн өвдөлт үүсгэж болно. Артерийн гипотензи эсвэл толгойн өвдөлт илэрвэл эмчид хандана.
Идэвхжүүлсэн нүүрс нь өндөр тунгаараа (антидот болгож) ацетилцистеины үр нөлөөг багасгаж болно.
Ацетилцистеин нь колориметрийн аргаар салицилат тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно.
Шээсний шинжилгээний үед ацетилцистеин нь кетон бие тодорхойлох шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хамт уусгаж болохгүй.
Аскорбины хүчилтэй холбоотой харилцан үйлчлэл
Аскорбины хүчил нь хамт хэрэглэх үедээ изопреналины хронотроп үйлдлийг нь бууруулна. Удаан хугацаагаар хэрэглэх үед дисульфирам-этанолын харилцан үйлчлэл өөрчлөгдөж болно. Хамт хэрэглэх үед амигдалины хорон чанар нэмэгдэнэ. Солиорлын эсрэг эмийн (фенотиазины уламжлалын) эмчилгээний үйлдэл, амфетамин ба гурван цагирагт бүтэцтэй сэтгэл гутралын эсрэг эмийн сувганцрын эргэн шимэгдэлтийг бууруулна. Цусан дахь бензилпенициллин ба тетрациклины концентрацийг ихэсгэнэ.
Гэдсэн дэх төмрийн бэлдмэлийн шимэгдэлт сайжрах ба дефероксаминтой хамт хэрэглэх үед төмрийн ялгаралт нэмэгдэж болно. Иймээс дефероксамины эмчилгээний эхний сарын турш аскорбины хүчил хэрэглэхгүй. Аскорбины хүчлийг хөнгөн цагааны гидроксидтой хамт хэрэглэхэд хөнгөн цагааны шимэгдэлт нэмэгдэж болно.
САВЛАЛТ
Полипропилен туб-д 10 ба 20 ширхэг хөөсөрч уусдаг шахмалыг хийнэ. 1 тубыг хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцагт савлана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
30°С-аас дээшгүй хэмд хадгална
Хэрэглэсний дараа тубын тагийг сайтар таглана.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
ЭМИЙН САНГААС ОЛГОХ ЖУРАМ:
Жоргүй олгоно.
БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ
Сандоз Фармасьютикалз д.д., Веровшкова 57, 1000 Любляна, Словени.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Салютас Фарма ГмбХ, аллея Отто фон Герике 1, Барлабен, Германи.
Эм хэрэглэх зааврын дахин хяналт
2019 оны 12 сар.
Хэрэглэгчийн хүсэлтийг <<Сандоз>> компанийн тухайн орон нутгийн салбар руу эсвэл цахилгаан шуудангийн drugsafety.cis@novartis.comхаяг руу чиглүүлнэ